ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ: Төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 19

ZINDAA.MN сайтын Хууль эрхзүйн албанаас бэлтгэн хүргэдэг гэмт хэргийн тоймыг энэ өдөр үргэлжлүүлэн хүргэж байна. Өнгөрөгч өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтнуудыг авлигын хэргээр саатуулж, зарим хэргийг шүүхэд шилжүүлсэн зэрэг олон үйл явдал өрнөлөө.


 

-ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Д.БАЯРСАЙХАНЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛ ГАРГАВ-


Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос яллагдагчаар татах саналыг шүүхэд хүргүүлээд байгаа юм. Д.Баярсайханыг 20 орчим тэрбум төгрөгийн хэргээр шалгаж байгаа гэх ба уг хэрэгтэй холбогдуулан түүний автомашин болон ажлын өрөөг битүүмжилсэн байдаг. Тэрбээр өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар есөн жил ажилласан бөгөөд 2016 онд Төрийн банкны ерөнхий захирлаар томилогдоод байсан юм. Харин өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байдаг.

 

-ХҮНИЙ НАЙМААЧДАД 10 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО- 


Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгаж байгаа билээ. 

Тухайлбал, П.Загдсүрэн гэгч нь хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нар нь бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан Эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр  шүүхэд шилжүүлснийг  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан юм.

 

-СКАЙ РЕСОРТЫН ГАЗРЫГ ҮНЭГҮЙ АШИГЛАЖ ИРСНИЙГ ШҮҮХЭЭС ТОГТООЖЭЭ- 


Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Хүрхрээ ам буюу “Скай ресорт” цанын бааз байрлах газрыг “Мариотт” ХХК арван жилийн турш үнэ төлбөргүй ашигласан гэх тогтоолыг Улсын Дээд шүүхээс гаргажээ.

 

Тодруулбал, Байгаль орчны яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан “Богд хан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”-нд “Хүрхрээгийн аманд 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах”-аар тохирсон нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу “Мариотт” ХХК-д газар ашиглах болон эзэмших эрх үүсээгүй хэмээн хяналтын шатны шүүх үзсэн байна.

 

-ТАЛИЙГААЧ Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН АР ГЭРИЙНХЭН ДАХИН ШИНЖЭЭЧ ТОМИЛОХЫГ ХҮСЛЭЭ-


Хан-Уул дүүрэгт байрлах “KH” апартментийн 11 давхраас унаж амь насаа алдсан гэх Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа билээ.  Харин талийгаачийн ар гэрийнхэн мөрдөн байцаалтыг дутуу хийгдсэн гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, дахин шинжээч томилохыг шаардаж хэвлэлийн хурал хийсэн юм. Уг хурлын үеэр талийгаачийн ээж Б.Чимгээ, шалгалтын явцад охины минь хувцас солигдсон байсан гэх мэдээллийг өгч байсан бол ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Уг хэргийн газарт хийсэн үзлэгийн дараа хохирогчийн эд зүйл өөрчлөгдсөн эсвэл солигдсон зүйл байхгүй"  хэмээн мэдээлсэн юм.

 

-ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Д.ДОРЛИГЖАВЫГ ЦАГДАН ХОРИВ-


Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй хэмээн нэг сарын хугацаагаар цагдан хориод байна.

 

АТГ-ын комиссарууд прокурорын зөвшөөрлөөр Д.Дорлигжавын гэрийг битүүмжлэн шалгасан байдаг. Улмаар Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нарт таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Дээрх авлигын хэргийн талаар “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Тухайн үед их хэмжээний мөнгө Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Гэхдээ энэ хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Х.Тэмүүжин сайдын суудлаас буух үедээ гаргасан баримт. Ил гарсан нь дөрвөн сая ам.доллар, үүний цаана өөр баримт бий. Тухайн үед сөрөг хүчин байсан С.Бямбацогт над дээр ирээд үнэн юм уу, баримтуудаа надад өгчих гээд аваад явсан. Тэгээд л алга болсон. Мөн л тухайн үед МАН-ын генсек ирээд, үүнтэй тэмцэнэ, жагсана гээд л байсан. Бас л алга болсон” хэмээн ярьсан байдаг. 

  

-ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ-


УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын гишүүдийн  бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус саналыг УИХ-ын Дэгийн тухай хуулийн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн хэдий ч дээрх гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Шалгалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзсэн учраас УИХ-д оруулсан. Энэ асуудалд УИХ нааштай хандана гэж бодож байна. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хувьд УИХ-ын гишүүний албан тушаалд байгаа нь мөрдөн байцаалтад саад учруулж байгаа. Цаашдаа ч учруулах болно... Шалгагдаж байгаа хэргийн талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн дагуу би үүрэг хүлээсэн хүн” гэсэн юм.

 

-ХООРОНДОО ЗОДОЛДСОН ХУРАНДАА НАРЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ-


Өнгөрөгч амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө цагдаагийн хурандаа нар архидан согтуурч улмаар нэгнээ зодож гэмтээсэн хэрэг гарсан. Энэ хэрэг Баянзүрх дүүрэгт байрлах “Баянмонгол” хороололд гарсан бөгөөд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа Ц.Ариунбат, ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар нэр холбогдсон юм. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав б/36 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

 

-САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТЫГ ДАХИН ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА- 


Өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэж, нэг сарын хугацаагаар хорих шийдвэр гаргасан юм.

 

Хуулийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан, цагдан хорьсон ч өнгөрсөн оны зургадугаар сард батлан даалтад гарган шалгах болсон. Тэгвэл хэрэг шалгах явцад шинэ нөхцөл баримт илэрсэн бөгөөд энэ нь хилийн чанадад үйлдэгдсэн гэх мэдээлэл байна. Тиймээс прокурорын байгууллаас түүнийг цагдан хорьж, шалгах саналыг шүүхэд хүргүүлснээр ийнхүү хорих шийдвэр гаргасан юм.

 

-ӨНДӨР НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨЖЭЭ-


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өндөр настай эмэгтэйн хоолойг хэрчиж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрөгч мягмар гарагт буюу 2019 оны нэгдүгээр сарын 15-нд гарсан. Тодруулбал, тус дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах ... тоот орон сууцны 00 тоотод оршин суух 67 настай эмэгтэйн хоолойг хэрчиж, амь насыг нь хөнөөсөн байжээ. Хэргийш шалгах явцад талийгаач эмэгтэйг хамтран амьдрагч 39 настай Л гэгч хоолойг нь хэрчиж хөнөөсөн болох нь тогтоогдсон юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хүний амь насыг санаатайгаар, онц хэрцгий аргаар бүрэлгэсэн гэх үндэслэлээр үргэлжлүүлэн шалгаж байна.

 

-ЯЛЛАГДАГЧ Б.МАХБАЛЫН ХЭРГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШИЛЛОО-


Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг шүүх хурлын тов тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгч өвчтэй гэх үндэслэлээр долоо хоногийн хугацаагаар хойшлуулсан юм.

Шүүх хуралд яллагдагч Б.Махбал өөрийн биеэр оролцсон бол хохирогчийн талаас хууль ёсны өмгөөлөгч нар нь төлөөлөн ирсэн юм. 

 

-ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц. ЭЛБЭГДОРЖИЙГ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЛЭВ-


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын прокурорын байгууллагад өгсөн 178 хуудас нотлох баримт бүхий гомдлыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлснийг Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.

 

Энэ сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр, Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокурорт иргэний хувиар хандаж, “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлах гэж байсан үйлдлийг шалгуулах”-ыг хүсэж, дээрх нотлох материалуудыг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.24) 2019 оны 01 сарын 21

Баттулга бүх хүнтэй тэрсэж өшөөгөө авч байна . Ингээд л ганцаарддаг байхгүй юу . Буухаараа яанаа .Чоно өтлөвч балиндаа шүү дээ .

2  |  0
Иргэн(66.181.177.233) 2019 оны 01 сарын 21

Насанд хүрээгүй охидуудыг гэр бүлээрээ бүлэглэн удаан хугацаагаар биеий нь үнэлүүлсэн байхад ямар цөөхөн жилийн ял өгдөг юм болоо.

2  |  0
Zochin(104.174.8.253) 2019 оны 01 сарын 20

Za edniig tegeed barivchilsan l bol shiitgesen shig shiitgeh heregtei. Tegehgui daraa hudal unen shaltag zaagaad taviad yavuulchihgdag shuu

2  |  0
Zochin(66.181.190.38) 2019 оны 01 сарын 19

Za tegeed tavichilgui ulsaa hohirolgui bolgooroidoo.

0  |  0
Б(188.36.7.24) 2019 оны 01 сарын 19

Буудан хороож яаагаад болохгүй гэж хужаад нь эд нарыг яааг буудаж хорооно.

1  |  0
нэргүй(103.9.90.98) 2019 оны 01 сарын 21

Элбэгдорж хятадыг сайн шалгах хэрэгтэй гадаадын гурван нөхрийг өршөөлөөр суллаж хохиролыг төлүүлээгүй гээд олон юм гарна даа шүүхээр өөрийгөө хамгаалуулсан хүзүүгүй хулгайч

1  |  1
ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ(175.38.95.65) 2019 оны 02 сарын 13

МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ЖОНКУУ БАТТУЛГА Г ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС БУУСАН ӨДӨР НЬ БАРИВЧИЛЖ ХОРИХ ХЭРЭГТЭЙ!!! З САЯ МОНГОЛЧУУДЫН 6 САЯ НҮДНИЙ ХОР ОРЧИХСОН БАЙГАА!!! РУЛГАЙЧ НАРТ ДАХИН БОЛОМЖ БҮҮ ОЛГО!!!

3  |  6
aa(66.181.161.5) 2019 оны 01 сарын 21

Манжийн дарлалд байсан үеийн 9 эрүүг 10 болгоод, аравт нь толгойноос нь дүүжилж хүзүүгийн сунгадаг тоосго сугалдаг эрүүг нэмэх хэрэгтэй. Түүгээр Элбэгийг оруулж хүзүүгийн сунга...тэгвэл ард түмний нуруу амарна.

4  |  2
ард иргэд(202.9.42.67) 2019 оны 01 сарын 21

ЭЛБЭГДОРЖЫГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??? ХОРИХ ЁСТОЙ ШҮҮ?????? ИХ ЮМ ГАРНАДАА ХАРЖЛ БАЙГААРАЙ????

8  |  2
Top