Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 13

Энэ долоо хоногт Хойд Солонгосын удирдагчийн Бээжинд хийсэн гэнэтийн айчлал дэлхийн нийтийн анхаарлыг татлаа. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлж, олон улсын хөгжил, цэцэглэлтийн үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулах тухай тохиролцжээ.

 

Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох тухай мэдээлэл цацагдаж буй цаг үед болсон энэхүү айлчлал Ким Жон Уны Бээжинд хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал юм. Өнгөрсөн 2018 онд Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай зургадугаар сард Сингапур улсад уулзахаасаа өмнө нь ба дараа нь Ши Жиньпинтэй гурван удаа уулзсан билээ. Тиймээс Ким Трамптай хийх уулзалтаас өмнө Пёньяны хамгийн ойрын холбоотон болох Хятадтай стратегийн асуудлаа хэлэлцэх зорилгоор Бээжинг зорьсон гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн тус хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жилд хийсэн энэхүү айлчлал мөн Ким Жон Уны 35 насны төрсөн өдөртэй давхацсан нь хоёр улсын харилцаа хэр бат, дотно гэдгийг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. Тэдний хэлснээр, Кимийн Хятад улсад хийсэн айлчлал нь түүний Сөүлд хийх айлчлал эсвэл Трамптай хийх уулзалт ойртож буйн дохио юм.


АНУ-ын засгийн газрын “шатдаун”  бямба гарагт 22 дахь өдрөө үргэлжлэн, түүхэн дээд амжилтыг тогтоов. Үүнээс өмнө нь 1995 оны арванхоёрдугаар сараас 1996 оны нэгдүгээр сард 21 хоног үргэлжилсэн “шатдаун” хамгийн урт хугацаанд үргэлжилсэнд тооцогдож байжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хил дээр хилийн хана босгоход шаардлагатай санхүүжилтийг тусгасан төсвийн тухай хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим батлахаас татгалзсанаас үүдэн АНУ-ын засгийн газрын зарим яамд, агентлагууд санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа түр зогсооход хүрээд байгаа билээ. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсолт буюу “шатдаун”-д орсноос хойш ойролцоогоор 800 мянган төрийн албан хаагч цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа юм. Энэ асуудлыг шийдэх үүднээс Ардчилсан намынхантай хэлэлцээний ширээний ард суусан ч, талууд тохиролцоонд хүрч чадалгүй, Трамп хэлэлцээг хаяж гарсан. Үүнээс өмнө, Д.Трамп асуудлыг шийдвэрлэх үүднээс онц байдал зарлана хэмээн мэдэгдэж байсан. Онц байдал тогтоосон тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний засаг захиргаа тус улсын засаглалын системд бүрэн эрхээр ажиллах цорын ганц бүтэц болох юм. Энэ нөхцөл байдал АНУ-ын ерөнхийлөгчид хувийн амбицаа хэрэгжүүлэхэд ихээхэн боломж олгохын сацуу түүнийг эрх мэдлийг хууль бусаар булаан авсан хэрэгт буруутгах эрсдэл бий болно гэж шинжээчид болгоомжилж байна.


Засгийн газрын “шатдаунаас” болж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг 44 хувь болтлоо унаад байна. Нэг сарын өмнө тэрбээр 47 хувийн рейтингтэй байсан билээ.


Энэ долоо хоногт дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан үйл явдал нь нэгдүгээр сарын 7-9-нд болсон Бээжин хотноо болсон АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ юм. Хоёр өдөр үргэлжлэх хуваарьтай байсан хэлэлцээг сунгаж, гурван өдөр үргэлжилсэн юм. Энэхүү хэхэлцээ тус хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдэхэд хүргэсэн асуудлуудыг шийдвэрлэх эхлэлийг тавилаа гэж Бээжин мэдэгдэв.



Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар худалдааны дайны “галыг” гурван сарын хугацаанд зогсоох тохиролцоонд хүрсний дагуу ийнхүү талууд хэлэлцээний ширээний суулаа.


Талууд худалдааны болон бүтцийн нарийн асуудлаар санал бодлоо солилцсон нь харилцан ойлголцолд хүрэх, асуудлыг шийдвэрлэх эхлэлийг тавилаа гэж Хятадын тал үзэж байна. БНХАУ-ын худалдааны яамнаас мэдээлснээр, талууд нягт холбоотой ажиллахаар тохиролцсон гэнэ.


АНУ-ын талын мэдэгдэж буйгаар,  хэлэлцээний үеэр талууд хоёр улсын худалдааны харилцаанд шударга, харилцан ашигтай, тэнцвэртэй байдлыг хэрхэн бий болгох тал дээр анхаарлаа хандуулсан аж. Түүнчлэн, одоо үйлчилж буй хоёр талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Мөн Хятад улс АНУ-аас хөдөө аж ахуй, эрчим хүчний болон бусад салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах асуудлыг голчлон хэлэлцсэн байна.


Дэлхийн далай хурдтай халж, дэлхийн дулаарал дэлхийн хүнсний гол нийлүүлэгч болох далайн амьдралд аюул заналхийлж байна гэж судлаачид анхааруулжээ.


Далайн халалт эрчимжиж байна гэж эрдэмтэд анхаарууллаа. Хамгийн сүүлийн үеийн технологи сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал “завсарлага” авсан гэх зарим эрдэмтдийн нотолгоог үгүйсгэж, уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж буй нь дэлхийн далайнуудад их хэмжээгээр нөлөөлж буйг харууллаа.


 Калифорнийн их сургуулийн судлаач Зеке Хаусфатерийн хэлснээр, далайн ус халж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг илтгэж буй гол илтгэлцүүр бөгөөд дэлхий бидний бодож буйгаас ч хурдацтай дулаарч байна. Чулуужсан түлшнээс гарч буй хүлэмжийн хийгээс үүдэлтэй халууны 93 хувь дэлхийн далайнуудад хуримтлагддаг гэнэ. Хүлэмжийн хийн хэмжээг багасгахгүй аваас энэ зууны сүүлч гэхэд далайн мандлын температур 0.78°C градусаар нэмэгдэх төлөвтэй байна. Үүний улмаас далайн төвшин 30 см-ээр нэмэгдэх гэнэ.


Далай дахь өөрчлөлт дэлхийн дулаарлын гол дохио юм гэж судлаачид сануулав.


Энэ долоо хоногт Сербийн ууланд гацсан хоёр хүнийг аварч, Tierpark амьтны хүрээлэнгийн амьтад шилмүүст зоог барьж, АНУ-ын цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хилийн чанад дахь анхны үйлдвэрийн шав тавьж, Лаос улс Т-34 танкуудыг Орост буцаан өгч, Роллс-Ройс тансаг зэрэглэлийн машины борлуулалтаараа дээд амжилт тогтоож, арван жил ухаангүй байгаа эмэгтэй хүүхэд төрүүлсэн үйл явдлаар дүүрэн байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.112.158) 2019 оны 01 сарын 13

OVCHIN BOL DOHIO

0  |  0
Top