Асгатын орд: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ

2019 оны 01 сарын 07

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүргийг өнөөдөр /2019.01.07/ Засгийн газраас өгсөн талаар манай сайт шуурхай мэдээлсэн билээ. Zindaa.mn стратегийн орд газар болох Асгатын ордын ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ-ийн талаар өгүүлсэн нийтлэлийг /2018.12.26/ хүргэж байснаа тодотгоод, дахин сануулан нийтэлж байна.


“Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэд Асгатын ордыг ч бас АТГАСАН УУ?


Ашигт малтмалын орд газруудыг стратегийн гэж ялгаж, салгах нь буруу гэх байр суурийг илэрхийлэгсэд бий. Мөн нөгөө талд стратегийн ач холбогдолтой орд гэх ойлголт нь уул уурхайн салбар дахь төрийн оролцоог зохицуулах зохицуулалт гэдгийг хэлэгсэд цөөнгүй. Газрын доорх баялгийн өгөөжийг нийт олноороо хүртэх эрх Үндсэн хуулиар олгогдсон тул хоёр дахь ойлголтыг олонх илүү дэмждэг гэхэд болно. Тэгээд ч хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас 2007 онд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан байдаг.


Тогтоолыг хавсаргав


Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэнэ гэж тодорхойлсон  байдаг. Тиймээс энэ стандартын дагуу стратегийн гэж хүлээн зөвшөөрөгдсөн орд газрууд  ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ ямар нөхцөл байдалтай байгаа болон байх талаар манай сайт хөндөн бичиж буй.


Энэ удаад Асгатын мөнгөний ордын талаар өгүүлж байна. Асгат бол өндөр уулын бүсэд, техникийн хүнд нөхцөлтэй байршилд оршдог учир ашиглахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай. Энэ бол тус орд эргэлтэд ороогүй өдийг хүрсэн үндсэн шалтгаануудын эхэнд бичигдэнэ. Үүнээс гадна ганц манайхаас хамаарахгүй том асуудал байсаар ирсэн. Ордыг ашиглах чиглэлд манайх Оросуудтай нийлэн анхаарч ирсэн баримтууд бий. Тухайлбал, Оросууд “Асгат” ордыг ашиглах зорилгоор Монгол, Оросын хил дээр Асгатын суурин гэж тосгоныг байгуулж байсан юм.


Тэгэхээр Асгатын мөнгийг уулнаас буулгах хүсэл сонирхол хойд хөршид байдаг нь тодорхой. Тэрчлэн арваннэгэн жилийн өмнө стратегийн орд гэж хүлээн зөвшөөрөгдсөн Асгатыг стратегийн ордуудын жагсаалтаас хасах тухай санал ОХУ-аас ирсэн талаарх мэдээлэл долоон жилийн өмнө дэгдэж байсныг сануулъя.


  • 2016 оны сонгуультай зэрэгцэн “Эрдэнэт”-ийн 49 хувь ”Монголын зэс” корпорацийн мэдэлд очсонтой мөн л зэрэгцэн Асгатын орд Худалдаа хөгжлийн банкных боллоо гэх сэжим бас цухуйсан билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай хамт “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын 49 хувь “Монголын зэс”-д очсон уу гэх асуудал анхаарал татдаг. Асгат  ордын тусгай зөвшөөрөл Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн мэдэлд байдаг юм.

Асгат ордын талаар тодорхой мэдээллийг хүргэхэд:


Монголын баруун-хойд хэсэгт Оросын Холбооны Улсын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог. Оюутолгой, Тавантолгой гэх ордуудтай харьцуулахад Асгатын орд газар нь бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх ордуудын нэг гэж яригдаж ирсэн. Монгол, Оросын төр засгийн тэргүүнүүд харилцан айлчлал хийх үеэрээ Асгатын ордыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцдаг. 1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид манай улсын ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай нутгийн гүнд 100 км-т геологийн судалгаа явуулсан байдаг. Судалгааны хүрээнд 1980-аад оны сүүлээр Асгатын мөнгөний ордыг, Хөвсгөлийн фосфорын ордыг, Цагаан чулуутын алтны ордыг тус тус илрүүлсэн аж. Асгатын мөнгөний ордын геологи хайгуулын ажлыг Монголын геологичид Оросын геологичдын техникийн туслалцаатайгаар Монголын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд далд малталтаар дөрвөн штольн нэвтрэлтийн ажлыг Зураг төслийн институтийн орлогч захирал, доктор А.Базарын удирдлагаар Налайхын уурхайчид гүйцэтгэсэн аж.


Өдгөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Монголросцветмет” нэгдэл нь хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд лиценз эзэмших хугацаанд лицензийн болон бусад үйл ажиллагааны зардлыг гаргаж байжээ. 1991 оны арваннэгдүгээр сарын 1-нд Улсын геологийн төвийн шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ордын нөөцийг С1 2389 мян.тн хүдэр, 912 тн мөнгө, С2 1644 мян.тн хүдэр, 482 тн мөнгө, Р1 6000 мян.тн хүдэр, 2130 тн мөнгө гэж баталсан байдаг байна.



Өнөөгийн байдлаар Асгатын ордын геологийн судалгаа хийгдсэн, технологийн туршилтын үр дүнгээр ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах хэд хэдэн хувилбар тооцоо, урьдчилсан үнэлгээнүүд хийгдсэн. Төслийн нийт хөрөнгө оруулалт 47.4 сая ам. доллар юм. Төслийн үргэлжлэх хугацаанд орж ирэх үйл ажиллагааны нийт мөнгөн урсгал нь 173.7 сая ам. доллар болох бөгөөд уг ашгийг жилийн 10 хувиар бууруулан, өнөөгийн мөнгөнд шилжүүлсэн цэвэр ашгаар тооцвол 97.9 сая ам. доллар болно. Төслийн хугацаанд Асгатын ордоос 198 сая ам.доллар орох тооцоо гарсан байдаг.


Доктор У.Мавлет гуайн хэлж буйгаар Асгатын ордын лицензийг “Монголросцветмет” нэгдэлд шилжүүлсэн түүхийг цухас өгүүлэхэд “1996 онд Жасрай гуай түүнд “Асгаттай холбоотой бүх материалыг бэлдэж, надад танилцуул” гэж даалгажээ. У.Мавлет доктор ч уг асуудлыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Тэгэхэд Ерөнхий сайд “Асгатын ордыг ашиглах цаг болсон. Хөөцөлдөх эзэнтэй болгох хэрэгтэй. Бор-Өндөр, Бэрх зэрэг далд уурхайтай, гадаад дотоодын байгууллагуудтай холбоотой “Монголросцветмет” нэгдэлд хөрөнгө оруулагч олох, далд уурхайн мэргэжилтэн бэлдэх үүднээс лицензийг нь тэдэнд өгвөл яасан юм бэ” гэж хэлж байж. У.Мавлет доктор хариуд нь “Хамтарсан үйлдвэрт орд газар өгч болохгүй” гэсэн ч П.Жасрай гуай “Бүрмөсөн өгч байгаа юм биш. Хөрөнгө оруулагч олж, уурхай байгуулах тохиолдолд хэлэлцээрээр зохицуулагдана” гэсэн бөгөөд удалгүй Засгийн газрын хуралдаанаар Асгатын лицензийг “Монголросцветмет” нэгдэлд шилжүүлэхдээ ямар ч үнэ өртөг, болзолгүйгээр өгсөн гэдэг. Гэхдээ лицензийг авсан “Монголросцветмет” зүгээр суугаагүй гэж байна. Тухайлбал, 1996 онд АНУ-ын “АПЕКС Силвер Майнинг” компанитай хамтарсан “Асгат мөнгө” ХХК, 2004 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улстай хамтарсан “ЭМ-ЭС Асгат” ХХК зэрэг компаниуд байгуулжээ. Улмаар “АПЕКС Силвер Майнинг” компани нь Асгатын геологи хайгуулд зарсан 5 сая америк долларыг хүчингүй болгох, Өлгий сумаас Ногооннуур сум хүртэл 110 квт-ын шугам татаж өгөх зэрэг болзол тавьсан, мөн тус аймагт дэлхийн стандартад тохирсон технологи байхгүй зэрэг шалтгаануудаас үүдэн үр дүнтэй ажил болж чадаагүй аж. Харин 2006 онд ОХУ-ын “Полиметалл” нэгдлээс тавьсан Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах талаарх саналыг, Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын талуудад танилцуулснаар авсан зөвшөөрлийн дагуу хамтарсан “Асгат Полиметалл” компанийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байгуулжээ. Гэрээг байгуулахдаа “Мөнгө, зэсийн холимог хүдэр боловсруулах технологийн туршилтыг ОХУ-ын байгуул лагууд урьд өмнө нь хийж байсан, Хайлуулах үйлдвэр Асгатад барьж байгуулах хугацаанд баяжмалыг худалдан авагч нь тээврийн зай, өртгөөс шалтгаалан ОХУ-ын металлургийн үйлдвэр байхаас өөр сонголт үгүй, Энэ ордод хүрэх буюу ашиглахын тулд ОХУ-ын хилээр байнга орж гарч байх шаардлагатай гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн байдаг. Гол нь “Бороо гоулд” “Цайрт минерал”, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудад гаргасан алдааг давтахгүйн тулд Асгатад зөвхөн баяжуулах үйлдвэр барьж, баяжмал зөөх төдийхнөөр ажиллахгүй. Юуны түрүүнд баруун бүсийн томоохон орд газруудын ирээдүйг бодолцож, асуудлыг цогц байдлаар шийдэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.


  • Харин УИХ Асгатыг  “Полиметалл”  компанид өгөхийг дэмжээгүй юм. Улмаар 2007 онд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоол батлахдаа Асгат ордыг  багтаасан түүхтэй. Тухайн үед буюу намрын ээлжит чуулганы 2007 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр /Баасан гараг/-ийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд Асгатын ордтой холбоотойгоор байр сууриа хэрхэн илэрхийлж байсныг эргэн сануулъя.

 

АСГАТ ОРДЫН  ТАЛААР ХЭН, ЮУ ХЭЛЖ БАЙВ


Л.Гантөмөр: Асгатын мөнгөний орд бол маргаантай хэвээр байгаа.  Ямар эрх зүйн үндсээр “Монголросцветмет” нэгдлийн харьяанд шилжсэн нь тодорхойгүй байгаа.  Тэгээд энэ орд дээр ашиглалт эхлээгүй байгаа учраас Байнгын хороон дээр Д.Идэвхтэн гишүүн санал гаргасан байна.  Хоёр дахь заалтаас хасаад дөрөв дэх заалтад оруулъя гэж  гэдэг саналыг гаргасан байна. Дөрөв дэх заалт нь юу вэ гэвэл, Оюутолгой,Таван толгой,  Цагаан суваргатай адилхан түвшинд Асгатын мөнгөний ордыг авч үзье гэсэн ийм саналтай байна. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ саналыг дэмжвэл Асгатын мөнгөний  ордыг “Монголросцветмет” нэгдлээс гаргаад,  стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад ороод явсан тохиолдолд  100 хувь төрийн мэдэлд аваад дахиад гэрээ хэлэлцээрүүдийг эхлэх, хуучин тэр маргаантай асуудлуудыг шийдэх бололцоо олдох болов уу гэсэн ийм бодолтой байна.

Асгатын мөнгөний ордын хувьд бол яг тухайн орд дээр “Эрдэнэт”-ийн  улсын үйлдвэрийн газар шиг хоёр орны хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээр бол  байхгүй. Хоёр орны хамтарсан “Монголросцветмет” нэгдэл гэдэг аж ахуйн нэгж дээр Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөл олгоод  тухайн лицензийг л шилжүүлсэн байгаа.


Р.Раш: Асгатын мөнгөний ордыг хоёрт үлдээнэ үү, дөрөвт үлдээнэ үү гэдэг бол бодох асуудал байх аа.  Олны анхаарал татсан газар гэвэл яах аргагүй мөн. “Монголросцветмет”-ийн харьяа юм билээ. Саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд  нэг мөр болгосон гэж би хувьдаа ойлгож байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  нэгдүгээр жагсаалтаас нь авч,  дөрөв рүү оруулъя гэсэн ийм санал  гарч байсан. Тэгэх юм бол нөгөө  51 гэдэг юм нь алдарч, 49 хүртэлх гэдэг рүүгээ орчих юм болов уу гэсэн ийм болгоомжлол байсан. Тийм учраас хоёрдугаар жагсаалтанд одоо оруулсан. Үүнийг хэлэлцээд,  хэрхэхийг Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө тааллаараа соёрхоно биз ээ гэж бодож байна.


Б.Батбаяр:  Засгийн газрын тогтвортой байдлын гэрээ байтугай, ашиглаж эхлээгүй байгаа энэ Асгатын мөнгөний орд яахаараа энэ хоёрдугаар заалтанд хамруулсан юм бэ? Энэ их сонин байгаа юм.  Тэгээд  яахаараа манайхан Орос, Хятад гэхээр хамаг юмаа бариад гүйчихдэг юм бэ?  Саяхан энэ чинь “Полиметалл” ч гэл үү?  Ямар ч юм билээ, нэг компанитай гэрээ хийгээд, буруутаад л сүйд болсон шүү дээ. Энэ дээр нэг учрыг нь тайлбарлаж өгөхгүй юу? Үүнийг ямар нэгэн лобби юм уу, бодлогын чанартай л, энэ Асгатын мөнгөний ордыг албаар оруулах гээд байна гэж үзээд  байгаа нэг хэсэг бүлэг хүмүүс байна гэж бодож байгаа шүү.

Асгатын мөнгөний ордын талаар бас нэг асуудал бий. Энэ чинь 1992 онд цэнхэр тасалбараар хувьчлагдсан юм билээ. Одоо хувьцаат компани гэж байгаа. Түүний  49 хувийг нь бусад хувьцаа эзэмшигчид эзэмшдэг юм гэсэн. Гэтэл одоо  51 хувийг нь эзэмшдэг “Монголросцветмет” чинь 100 хувь тэр  Оросын эзэмшлийг авчихаад байгаа шүү дээ, лицензийг нь, нөгөө  49 хувийнх нь эрх ашиг нь хаана хадгалагдаж байна вэ? Тэр олон хувьцаа эзэмшигчдийн.

Оросын  “Полиметалл” гэдэг компанитай холбогдсон. Саяхан сониноор дүүрэн юм гарч байсан. Засгийн газрын хуралдаанаар орж  энэ гэрээ цуцлагдсан гээд. Ингээд янз бүрийн асуудал бий шүү. Энэ дээр бас  энэ гишүүд тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулах ёстой байх гэж бодож байна.


А.Мурат:  Асгатын тухайд манай Их Хурлын эрхэм гишүүд нэг мөр ойлголттой болохыг би хүсч байна л даа. Юу вэ гэвэл “Асгат” компанийн 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийнх байдаг,  51 хувь нь  төрийн өмч гэж. Энэ дээр байгаа “Монголросцветмет”  гэдэг компани сүүлийн 1О жил 51 хувиа эзэмшүүлээд, хөрөнгө оруулалт хийх үүрэг  хүлээгээд  ажиллаж байгаа болохоос биш, цааш цаашдаа энэ “Асгат” компанийг ярихдаа “Монголросцветмет”-ийн тухай ярьж гадны оролцоотой компанийн тухай яримааргүй байгаа юм. Төрийн өмчийн оролцооны  51 хувьд мөн Монгол Улсын иргэд хувьцаа эзэмших гэсэн ийм хоёр зарчим яригдах ёстой гэж Асгатын тухайд.

 

УИХ-ын тогтоолын дагуу Стратегийн ордын жагсаалтад багтсан Асгатын ордын талаар өгүүлэхэд ийм байна.

                                                                                                                                                        

Э.БОЛОРХАЖИД

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард түинийг басамжил(122.201.20.190) 2019 оны 01 сарын 08

Баттулга ерөнхийлөгч, Хүрэлсүх ерөнхий сайд ч гэсэн мөнгөтэй талд л байна. сарын дотор эргэлтэнд оруулахгүй бол хураана ч гэх шиг. Яаж шаудохоо мэдэж байна шүү.

0  |  0
зочин(103.111.68.3) 2019 оны 01 сарын 08

YouTube-d Их үсрэлт gej orood ard tumniihee duu hooloig demjeerei

1  |  0
Металлург (2.133.101.188) 2019 оны 01 сарын 07

Асгат том орд биш шуу дээ. Тэгээд мщьяк, сурьмаа гэж хорьтойцхольц ихтэй, тууниигуболовсруулдаг уйлдвэр одоохондоо дэлхиид байдгуй юм билээ. Тиим учраас унэнииг олж, толгойуэргуулэхгуй зовумэдээлэл огооч. Гаднвхан иим учраас Асгатыгусонирхохгуй байгаа юм.

0  |  0
Zochin(60.101.49.112) 2019 оны 01 сарын 08

Polymetalliin ord baital zevhen mungu (Ag)-nii aguulga yarih yum. Zes (Cu)-iin aguulga bas ihtei. Bolovsruulah technology mash hund. As bolon Sb-iin aguulga ihtei bolohoor zev argaar bolovsruulahgyi bol baigal orchind mash ayultai.

1  |  0
Зочин(182.160.35.9) 2019 оны 01 сарын 08

Эзэмшигч өмчлөгч нар нь хөрөнгө оруулах мөнгөгүй цаашаа дамлаж хөрөнгө оруулагч хайгаад байвал хэзээ ч бүтэхгүй шүү дээ. Засаг буцааж аваад бэлэн мөнгөөр нь хувьцаа зарсан нь шулуухан байхоо

1  |  0
Hi(49.0.218.151) 2019 оны 01 сарын 08

Boliosoo, uul uurhaig barahnee,,,,

2  |  0
Зочин(202.9.42.154) 2019 оны 01 сарын 08

хөөе гөлөгнүүдээ орос ах нарыгаа битгий гомдоогоорой доо..хятадуудыг харин бүгдийг нь монголоос хөөж явуулах хэрэгтэй..

1  |  0
Top