Уул уурхай 96: Амжилт, ололт, шийдэл...

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг уул уурхайн салбар өнөө жил 96 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд 2.1 их наяд төгрөгийн татвар төлж, түүхэн амжилтаа тогтоов. Улсын нийт экспортын 89 хувь буюу 5.8 тэрбум ам.долларыг уул уурхайн салбараас олдог болов. Шууд ажлын байрны тоон хувьд 50 мянган хүн энэ салбарт ажиллаж байна. Их ойн босгон дээр олон жил яригдсан боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, хувийн хөрөнгө оруулалттай компаниуд хэд хэдэн бүлэг ордыг шинээр нээн илрүүлэв. “Эрдэнэс-Тавантолгой” компани иргэн бүрт ноогдол ашиг тарааж, гаднын зах зээлд IPO гаргахаар болов. Шинэ, сайхан мэдээ олон тохиож байгаа ч "Эрдэнэт"-ийг тойрсон хувь хэрүүлийн асуудал, 30 гэр бүлийн атганд буй “Цагаан суварга”, төрийн ой санамжаас арчигдан мартагдсан Гацууртын ордын 34 хувь, Цагаан хад-Гашуун Сухайтын олон км үргэлжилсэн урт цуваа гээд шийдэх ёстой асуудал түүнээс ч олон байна. Чухамдаа их түүх туулж, экспортын 89 хувийг дангаараа хангадаг энэ салбарт шинэ бодлого, технологийн дэвшил үгүйлэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлсээр ирсэн, их босгон дээр ч хэлсээр байна. Уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлыг тоймлон хүргэж байна.


БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СУРАГ

Нефть боловсруулах үйлдвэр Монголд баригдсанаас хойш 69 жил, нефть боловсруулах орчин үеийн үйлдвэр барина гэсэн 20 гаруй жилийн амлалтын дараа 2018 оны зургадугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр шаваа тавилаа.Энэтхэгийн Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүүнээс эхний таван жил чөлөөлөгдөж, таван жилийн дараагаас эхлэн 1.75 хувийн хүүг төлөх юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэр дотоодын  хэрэгцээний 30 гаруй хувийг дангаар хангах зорилготой байгаа юм. Нийтдээ 150 гаруй га талбайг эзлэн орших бүтээн байгуулалтын талбайтай боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтан дуусна.

ОЮУТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД БЭЛЭН ГЭВ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компанитай цахилгаан станцын асуудлаар олон удаа хэлэлцсэний эцэст "Шинэ оны зааг дээр барьж болох юм" гэсэн хариуг Рио Тинто компаниас сонсов. Дээрх мэдэгдлийг гаргахаас хоёр долоо хоногийн өмнө Рио Тинто компани дотоодын улс төрийн маргаанаас шалтгаалсан эрсдэлтэй гэж дүгнэснээс хойш ийнхүү удалгүй Засгийн газартай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ ийнхүү мэдэгдсэн юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арно Суарат, “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Улф Куэлман нартай уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөн ярилцсан юм. Уулзалтын үеэр “Тавантолгойн цахилгаан станц барих талаар Монголын Засгийн газартай нэн тэргүүнд ойлголцох асуудал их бий. Хэрэв талууд ойлголцолд хүрч чадвал ойрын хугацаанд хэлэлцээрт гарын үсэг зурж, ажлыг эхлүүлэх боломжтой” гэж Арно Суарат ярьжээ.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны эхний хагаст багтаан дээрх хэлэлцээг хүчин төгөлдөр болгоно гэж мэдэгдсэн юм.

 

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ"-Н САЙН МЭДЭЭ

УИХ-ын зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоол, Засгийн газрын 224, 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гарах, IPO хийх шийдвэр гарсан юм. Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр ажлын хэсэг байгуулжээ. Олон улсын зах зээлд гарахын тулд компанийн засаглалаа сайжруулах шаардлагатай байдаг тул “Эрдэнэс-Тавантолгой” компани дэргэдээ орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулахаар болсноо зарлалаа. Монгол Улсын хувьд анх удаа бизнесийн байгууллага дэргэдээ олон нийтийн зөвлөл байгуулсан нь энэ юм. Уг зөвлөл мэдээллийн ил тод байдлыг хангах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, компанид хяналт тавих үүрэг хүлээжээ. Олон нийтийн зөвлөл есөн гишүүнтэй байхаар болсон байна. Түүнчлэн олон жил амь орохоо хүлээж буй 1072 хувьцааг ирэх 2019 оны сүүлээр амь оруулна гэдгээ есдүгээр сард зарласан. Ингэснээр иргэн бүрт  ноогдол ашиг тараахаар болжээ.

АЛТНЫ ШИНЭ ОРД

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ жинст суманд орших Баян-Хөндий алтны бүлэг ордын геологийн нөөц захын агуулгаар 1.4 г/тн бөгөөд 20.5 тонн алттай гэж тогтоогджээ. Уг нөөцийг NI-43101 стандартаар тогтоосон байна. Тухайлбал, тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/тн агууламжтай алтны нөөц 751 000 унци, харин таамаглаж буй 1.8 г/тн агуулгатай алтны нөөц 291 000 унци гэж тогтоожээ. Харин өндөр агууламжтай хэсгээрээ 3.7 г/тн агуулгатай 642 000 унци, 5.2 г/тн агуулгатай алтны нөөц 357 000 унци гэдгийг тогтоогоод байна.

Хөндий төсөл нь Баян-Хөндийн алтны бүлэг орд, Алтан нар гэсэн хоёр ордоос бүтдэг юм. Хөндий алтны төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээ энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан гарахаар болжээ.

“Баян-Хөндийн бүлэг ордын геологийн нөөцийг судлахад ил уурхайн алтны нөөцөөрөө дэлхийн дунджаас дээгүүр болох нь тогтоогдлоо. Бид Хөндий алтны төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээг оны эцэст боловсруулж дууссаны дараа 2019 оны эхээр холбогдох бичиг баримтаа бүрдүүлж дуусна. Бид үүнээс гадна алтны төслийн өөр олон газарт өрөмдлөг хийнэ, тэгэхээр илүү шинэ ордууд нээгдэнэ гэдэгт итгэж байна” гэж Эрдэнэ Ресурс ХК-ийн Гүйцэтгэх захирал Петер Акерлей ярьжээ.

Баян-Хөндийн алтны орд нь Төв Азийн орогеник хагарлын бүслүүрт байрладаг алт болон зэсийн өндөр агуулгатай бөгөөд БНХАУ-ын зарим нутагт энэ хагарал дайран өнгөрдөг. Мөн энэ хагарлын бүслүүрт Оюутолгойн ордын нөөц байрладаг билээ. Тус компани 2015 оны дөрөвдүгээр улирлаас 2018 оны хоёрдугаар улирлын хооронд нийт 255 удаагийн өрөмдлөгийг 42.6 мянган метрт хийжээ.  Эрдэнэ Ресурс компани 2016 онд “Алтан нар” ордын алтны нөөцийг 936,100 унци, таамаг нөөц нь 669,800 унци таамаг алтны нөөцтэй гэж тогтоож байсан билээ.

ХОРОГДОЖ ӨГДӨГГҮЙ ГАЦАА

Цагаан хад руу хөтөлсөн замд 100-аас дээш км-ын гацаа, цуваа үүссээр гурван жилийн нүүр үзжээ. Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ 2009-2012 онд асар хурдацтай нэмэгдэхэд энэ чиглэлд тээвэр хийх автомашинуудын тоо нэмэгджээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос, нүүрс олорхлох нь нэмэгдэж, үйл ажиллагааны эрчим хурдацтай нэмэгдсэн нь замын ачааллыг эрс нэмсэн юм. Зөвхөн 2018 онд л гэхэд гурван ч удаа 100-аас дээш км-ын урт цуваа үүсэв.

Хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-ын системийн шинэчлэлтээс болоод урт цуваа үүсч, урт цувааны төлөөсөнд нэгэн алтан амь үрэгдсэн юм.

ХӨРШ БОДЛОГОО ӨӨРЧЛӨВ

БНХАУ. Аж үйлдвэрлэлийн салбар нь асар хурдацтай хөгжиж түүнийхээ хэрээр агаар, орчны бохирдлоороо дэлхийд тэргүүлж буй улс. Өнгөрөгч 2017 оны сүүлээр хуралдсан БНХАУ-ын Коммунист намын их хурлаар нүүрсний уурхайн олборлолтыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний салбарыг бодлогоор дэмжинэ гэдгээ зарлаж байв. Ингэснээр оны сүүлээр нүүрсний импортыг зогсоох болсон нь Монгол Улсад ч шанаагаа өглөө. 2025 он гэхэд БНХАУ нүүрсний уурхайнуудын 30-аас дээш хувийн үйл ажиллагааг нь зогсоож, сэргээгдэх эрчим хүчний салбарын боловсон хүчнийг 50 мянгаар нэмэгдүүлэхээр болжээ.

ТЕХНОЛОГИ ХААНА БАЙНА АА?

Уул уурхайн салбар илүү экологжиж, үйлдвэрлэлийн салбарт хүний оролцоог багасгахаар эрмэлзэж байна. Бидний муу хэлэх дуртай БНХАУ ч бас энэ салбарт оройлон оролцсоор байна. Ирэх таван жилийн хугацаанд уул уурхайн салбарыг хиймэл оюун ухаанд холбоно гэдгээ зарлав. Канад, Австралийн Засгийн газар бодлогоор хиймэл оюун ухаан, роботыг уурхайн олборлолтод нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Оюутолгой төслийн хамгийн том хөрөнгө оруулагч Рио Тинто компани энэ сарын эхээр технологид суурилсан уурхай төсөлд 3.5 тэрбум ам.доллар зарцуулахаар болсноо зарласан. Баруун Австрали дахь Коодайдери төмрийн хүдрийн уурхай хагас роботжуулсан системээр ажиллаж, уурхайн хяналтын процессыг нэгдсэн программ хангамжид холбоно. Харин Монгол Улс бид хөрөнгө оруулагчдаа үргээхгүй байх, олон хэдээ эрх тэгш хуваах, өмнө нь чи идсэн, дараа нь бид идсэн гэх хэрүүлтэйгээ л сууж байна.

Энэ жил уул уурхайн салбар олон жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөсөн ч, бас л олон жил ярьсан асуудлууд байрандаа үлдсэн хэвээр л...

Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөрбаатар(202.9.43.155) 2018 оны 12 сарын 25

Өнгөрч буй жил Монголын мянга мянган уурхайчидын гадаа гандаж, хөдөө хөхөрч байж олсон амжилтын үр дүнд манай экспортын бүтээгдэхүүний 90%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74%-д хүрлээ. Улиг болтол ярьдаг газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц 30%тай хийгдэж, Тавантолгойн төсөл амьсгал авч эхлэв. Одоо тулгамдсан асуудал бол 1920 онд ашиглалтанд орох ёстой Тавантолгой Гашуун сухайтын төмөр замыг хугацаанд нь барих, Алт, зэс хайлуулах болвсруулах, нүүрсийг угааж экспортлох, гэх мэт олон асуудал байна. УУрхайчиддаа, УУХҮЯ-ны болон АМГТГ-ын хамт олондоо уурхайчдын баярын мэнд дэвшүүлье.

0  |  0
Humuusee hurtav aa(115.171.244.105) 2018 оны 12 сарын 25

Hudlaa sh dee. Ene jild uul uurhaigaas hodol yum negch baihgui ee.Omno olon jil ulig bolon yarigddag asuudliig l hiisen bolgoj Hurelsuh,Sumiyabazar 2 eronhiilogchiin dohiogoor popdood baina sh dee. Humuusee bitgii huurtaj goridooroi

0  |  0
Humuusee hurtav aa(115.171.244.105) 2018 оны 12 сарын 25

Hudlaa sh dee. Ene jild uul uurhaigaas hodol yum negch baihgui ee.Omno olon jil ulig bolon yarigddag asuudliig l hiisen bolgoj Hurelsuh,Sumiyabazar 2 eronhiilogchiin dohiogoor popdood baina sh dee. Humuusee bitgii huurtaj goridooroi

0  |  0
Top