УТААТАЙ МЭДЭЭ| PM2.5 тоосонцор нь УРГИЙН ГАЖИГ, ДУТУУ ТӨРӨЛТИЙГ нэмэгдүүлдэг

2018 оны 12 сарын 13
Zindaa.mn утаанд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах үүднээс "Утаатай мэдээ" бэлтгэн, энэ сэдвийг бүх өнцгөөс хөндөж байна.

Агаарын чанарын албанаас өчигдөр /2018.12.12/ агаар дахь РМ10, РМ2.5 тоосонцрын агууламж 2016 оны мөн үетэй харьцуулахад 16-27 хувь их, 24 цагийн дундаж агууламж нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байгаа талаар мэдээллээ.

ТООСОНЦОР ГЭЖ ЮУ ВЭ: PM10, PM2.5

Тоосонцор РМ (particulate matter) гэдэг нь агаарт дэгдсэн янз бүрийн хэлбэр, хэмжээтэй органик ба органик бус хатуу бичил эд/биетүүд болон шингэн дуслууд юм.

Хэмжээгээр нь тоосонцорыг PM10 буюу 2.5-аас 10 микрон хүртэл хэмжээтэй бүдүүн тоосонцор, PM2.5 буюу 2.5-аас бага микрон хэмжээтэй нарийн тоосонцор гэж хоёр ангилдаг байна. PM2.5 хөнгөн жижиг тул хэдэн цагаас хэдэн 7 хоног хүртэл агаарт хөвөн хотоос гадагшлан хэдэн аймаг даван тархаж болно. PM10 нь харьцангуй том хүнд тул хэдэн минутаас хэдэн цагаар агаарт хөвөн хотын нэг дүүргээс нөгөө дүүрэг хүртэл тархана.

PM10 нь уушигт нэвтэрч цэр салстаар дамжин гадагшилж болох бол харин PM2.5 нь уушигний хамгийн гүн хэсэгт (alveolar) нэвтэрнэ. Уушигны энэ хэсэгт тоосонцорыг гадагшлуулах ямар ч механизм байдаггүй тул уг хэсэгт үлддэг бөгөөд хэрэв усанд уусах чанартай тоосонцор бол хэдхэн минутын дотор цусаар дамжиж бусад эрхтэн тухайлбал, зүрхэнд хүрэн цочроож зүрх судас, хорт хавдар, амьсгалын замын системийн өвчлөл зэргийг үүсгэх ба цаашлаад дутуу төрөлт, ургийн гажиг зэрэг бусад эрсдлийг нэмэгдүүлдэг.

Тоосонцор нь зөвхөн хэлбэр, хэмжээгээрээ өөр байгаад зогсохгүй эх үүсвэр, бодисын найрлагаараа мөн ялгаатай. Барилгын ажил, гудамж талбайн цэвэрлэгээ, салхи шуурга, хүн, автомашины хөдөлгөөн зэрэг голдуу механик ажиллагаанаас бүдүүн тоосонцор PM10 үүсдэг.

Түүнчлэн ургамлын тоос, бактер, хөгц, үнс, хөө тортог зэрэг нь бүдүүн тоосонцорт орно. Харин агаарт явагдах химийн урвал нарийн тоосонцор PM2.5 үүсгэдэг байна. Эх үүсвэр нь дотоод шаталтын хөдөлгүүр, нүүрс болон бусад түлшний шаталтаас үүссэн хорт хий ба энэ нь агаарт ууршиж дараа нь хатуурч, ижил химийн найрлагатай тоосонцор болон хувирахаас гадна агаарт байгаа NOx, SO2, дэгдэмхий органик нэгдэл, хүнд метал гэх мэт бусад хорт хий, тоосонцортой урвалд орж, өөр нарийн химийн найрлага, олон бодисын нэгдэл бүхий нарийн PM2.5 тоосонцор үүсгэдэг байна. Үүгээрээ  PM2.5 нь илүү хор хөнөөлтэй. Түүнчлэн тамхины утаанд PM2.5 ноёлдог.

Ингэхээр бид агаарт дэгдэн тархаж буй олон төрлийн органик ба органик бус хорт бодисуудын нэгдэл, эдгээр “тоосонцоруудын багц”-аар өдөр тутам хүссэн хүсээгүй “бөөндөн” амьсгалдаг аж. Үүгээрээ РМ тоосонцор нь “Номер-1” агаар бохирдуулагч хэмээн томъёологдоод байгаа юм. Харин тоосонцорын агууламж 16-27 хувиар их байгаа тухай Агаарын чанарын албанаас мэдээлсэн билээ.

Г.ЭНХ-УЯНГА

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii(182.160.33.34) 2018 оны 12 сарын 13

Yanaa bid

0  |  0
Top