”Цагаан-Уул” наадмын тэргүүн шүлэг

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 03

  1991 оноос хойш 26 жилийн хугацаанд зохион байгуулж буй 20 дахь удаагийн “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам өнөөдөр /2018.11.01/ боллоо. “Цагаан-Уул” залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, монгол хэлний үгсийн сангийн хамгийн сайхныг магтан таниулах наадам болдгоороо онцлогтой. Тус наадмыг Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэл,  Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран амжилттай зохион байгуулж, өнөөдөр болсон II шатны шалгаруулалтаас шилдгүүд тодорлоо.

Энэ жилийн наадмыг “Бүтээн байгуулагч залуучуудыг хайраар хөглөе” уриан дор зохион байгуулсан бөгөөд наадамд 100 гаруй найрагч шүлгээ ирүүлжээ. Үүнээс шилдэг 60 гаруй найрагч сүүлийн шатанд өрсөлдөж, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тоймч, залуу яруу найрагч Б.Алтанхуяг тэргүүлэв. Харин Говь-Алтай аймгийн оролцогч Б.Ганхүрэл, Т.Дарханхөвсгөл, Б.Жамбалдорж, С.Очиртөмөр нар айргийн тавд багтлаа. Уншигч та бүхэнд наадмын тэргүүн байрыг хүртсэн хайрын шүлгийг хүргэж байна.


*        *        *

Борооны чийгтэй адилхан чиний үнэр

Сэтгэлийг минь өөртөө цонх шиг татдаг

Болжморууд нойтон далавчаараа дусал хэрчин нисэх шиг

Бодол бүрээ уран суухуйд чиний тухай дурсамжууд арилдаг

Одоо надад үлдсэн ганц хайрцаг янжуур

Охидод уншсан шүлгийн мөрүүдээс ч үнэтэй санагдах

Эл хульхан гудамжаар ус туучин алхахуй

Амар амгалан ганцаардлыг мэдэрнэм

Харанхуйн тухай цог шиг төсөөллийг минь гартаа атгаад

Хаа нэгтээ гүйж яваа жаахан охин мэт

Үзэсгэлэн гоо дотор чинь уй гуниг нуугддаг

Үүлс сэмрэхийг хараад л салхинд дургүй хүрдэг

Хагацалд цоо дүрүүлсэн шөнийг цолмон од сорох мөчид

Харцны чинь хүүхэн хараа томрохыг үзээд худлаа гэдгийг нь мэдсэн

Хавирган цаанаас нэг зүйл хатгуулдан өвдөж жигүүр минь хугарахад

Халуун цусаа асгаруулан байж өлмийд чинь унаад хайртай гэж хэлсэн

Даанч бидний хэн хэнд нь дарвуулт хөлөг шиг бардам зан заяасан

Эрхэмсэг зан, үзэсгэлэн гоо чинь хүртэл

Эхлэлээс холдож чадаагүй төгсгөл байсныг ухаарсан.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заяат(150.129.142.138) 2018 оны 11 сарын 03

Усны гудамжны нэг тамхичин бандийн хайрын тухай хагас ухааны үглэл юм уудаа? Хайран монгол хэл гүн ухаан! Энэ чацгын шүлгийг хэн тоох билээ дээ.

0  |  0
Гайхал(202.9.43.26) 2018 оны 11 сарын 02

Түрүүлсэн шүлэг ээ.

0  |  0
Top