Т.Гомбосүрэнгийн гэр бүлийнхэн талийгаачийг санаатай хөнөөсөн гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

   Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Мөрдөн байцаалтын явцад тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн болох нь тогтоогдсон. Сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2018.09.26/ талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэр талийгаачийн аав Р.Төмөрхуяг хэлэхдээ "Би хүчний болон төрийн байгууллагад 43 жил ажилласан. Төрийн албанд ийм харамсалтай хэрэг гарна гэж үнэхээр бодож байсангүй. Тийм ч учраас ганц хүүгээ төрийн албанд зүтгүүлсэн. Миний хүү нийтэч, хамт олонч, эелдэг зөөлөн ааштай хүн байсан. Хүний арга эвийг олдог хүү байсан. Хүү маань бурхан болсноос хойш сэтгэл санаа таагүй байсан ч монгол ёсоо бодоод ямар ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд миний хүүг архидан согтуурч байгаад амиа алдсан гэх мэтээр янз бүрийн мэдээлэл гарлаа. Миний хүү архи уудаггүй. Би хүүгээ тэгж хүмүүжүүлээгүй" гэв.

Талийгаач Т.Гомбосүрэн нь айлын ганц хүү байжээ. Хохирогчийн ар гэрийнхэн талийгаач Т.Гомбосүрэнгийн албан тушаалд санаархаж, улмаар аминд нь хүрсэн гэсэн хардлагатай байгаа аж. Тэд хэвлэлийн хурлын үеэр сэжигтэн Б.Махбал талийгаач Т.Гомбосүрэнг өрөөндөө дуудаж буй бичлэгийг олон нийтэд ил болгон, зарим баримтыг харууллаа.

Өмгөөлөгчийнх нь ярьснаар бол хэргийг ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн аж. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

Хэвлэлийн бага хурлын шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(88.130.50.166) 2018 оны 09 сарын 26

Shuuh, huulijhnyg sayn ajiglaj bhgui bol, heden togrog ogood sulalj bj medeh hu,uus shuu, ene shuuhijh n

0  |  0
Top