Х.Эрдэнэчимэг: Гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байж л Монголд үйлдвэрлэл хөгжинө

2019 оны 06 сарын 17

"Зиндаа" сэтгүүлийн VII дугаарын зочин "Уран шаглаа" ХХК-ийн захирал Х.Эрдэнэчимэгийн ярилцлагыг хүргэж байна. 

-Монголдоо биеийн тамирын хувцас үйлдвэрлэж буй танай компанийн тухай сонсоод ихэд олзуурхаж ирлээ. Бүх хүн спортоор хичээллэх сонирхолтой болсон энэ цаг үед үнэхээр хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ байна. Танайх хэзээнээс энэ зах зээл рүү орсон бэ?

-Манайх энэ чиглэл рүү үйлдвэрлэл эрхлээд багагүй хугацаа өнгөрөөж байна. Монгол биеийн тамирын хувцас хийж эхлээд үзэсгэлэнд амжилттай оролцож бүтээгдэхүүнээ таниулж байлаа. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн дунд сургуулиуд, мөн их, дээд сургуулиуд нэгдсэн захиалга өгч байсан удаа цөөнгүй бий. Хөдөө орон нутгаас бол захиалга нэлээд ирдэг шүү. Өвөрхангай, Хэнтий гэх мэт хэд хэдэн аймгийн сургууль, цэцэрлэгүүд уралдаан тэмцээнд оролцохдоо бөөний захиалга өгч биеийн тамирын хувцас хийлгэдэг юм. Мөн төрийн байгууллагууд уралдаан тэмцээнд орохдоо хэмжээгээ өгөөд ижил өнгө загвараар биеийн тамирын хувцас захиалдаг. Хувь хүмүүс ч биеийн хэмжээ болон өнгө, загвараа сонгоод захиалж үйлчлүүлэх нь нэмэгдэж байна.

-Дотоодын биеийн тамирын хувцасны зах зээл хэр том байгаа бол? Та бүхэн судалж байв уу?

-Энэ зах зээл том юм билээ. Одоо хүмүүс чинь өмнөхөөсөө бүр ч илүү спортлог болжээ. Өглөө босоод алхдаг, гүйдэг, маань биед эвтэйхэн, хөнгөн хувцсыг илүү их сонирхдог болжээ.

МОНГОЛ ХҮНИЙ БИЕД ТОХИРСОН, ХӨДӨЛГӨӨН ХОРИХГҮЙ БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

-Биеийн тамирын хувцсыг өөртөө тааруулж захиалгаар хийлгэхэд хэр их хугацаа шаардагдах вэ?

-Манайх загвараа үйлчлүүлэгчтэйгээ тохиролцож захиалга аваад 2-3 хоногт гаргаж өгдөг. Манай дизайнер загвараа санал болгоно. Үйлчлүүлэгч өөрөө ч бас загвар санал болгодог. Бид үйлчлүүлэгчдийнхээ биед тохирсон, хөдөлгөөн хорихгүй биеийн тамирын хувцас үйлдвэрлэхийг зорьж байна.

-Захиалгаар хийлгэсэн биеийн тамирын хувцас ямар үнэтэй байдаг вэ?

-Биедээ тааруулаад захиалгаар биеийн тамирын хувцас хийлгэхэд насанд хүрэгчдийнх бол 65-85 мянган төгрөгийн үнэтэй гардаг. Хүүхдийн хувцас 25-45 мянга, ахимаг насныханд 65 мянгаар хийж өгч байна. Харин залуусынх бол 45- 65 мянган төгрөгийн үнэтэй гарч байна. Бид болж өгвөл хямд өртөгтэй байлгахыг хичээдэг. Хүмүүс ч их дуртай байдаг юм.

-Үйлдвэрлэлээ явуулахдаа материалаа хаанаас сонгож авдаг вэ?

-Манай Монгол Улс даавуу үйлдвэрлэгч орон биш учраасэнэ тал дээр бэрхшээлтэй. Ихэвчлэн Хятад, Солонгосоос оруулж ирсэн сунамтгай хөвөн даавуун материалаар биеийн тамирын хувцас оёж байна. Яг үүн шиг хийлгэмээр байна гээд үйлчлүүлэгч захиалсан тохиолдолд материалыг нь олно л доо. Ийм маягаар л бүх насныханд тохирсон биеийн тамирын хувцасны брэндийг Монголдоо гаргаж ирэх гэж зүтгэж байна.

-Манайд биеийн тамирын хувцас үйлдвэрлэдэг ААН хэр олон байдаг юм бол?

-Монголд биеийн тамирын хувцасны үйлдвэр 2-3 байдаг. Бид ч бас л тэдний нэгэн үйл ажиллагаагаа таниулах гээд л ажиллаж байна. Бид монгол хүний биед тохирсон, хөдөлгөөн хорихгүй биеийн тамирын хувцас үйлдвэрлэхийг зорьж байна.

-Бээжингийн дунд сургуулийн хүүхдүүд сургууль сургуулиараа нэгэн жигд биеийн тамирын хувцастай хичээлдээ явж байгаа харагддаг. Ийм маягаар жигдэрвэл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого болж чадах юм байна гэж харж байлаа.

-Тийм ээ, таны хэлж буйтай санал нийлж байна. Монголчууд маань нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээтэй болсон. Гэсэн ч худалдан авагчдын хандлагад судалгаа хийж үзэхэд “ Монголдоо хийж байгаа” гэдэгт нь нэг л сайн итгэхгүй байгаа байдал ажиглагдсан. Их гоё хийж байгаа юм байна гээд магтдаг л даа. Гэхдээ сонголт хийх үе ирэхээр Монголд үйлдвэрлэснээ бус гадаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгох хандлагатай байдаг. Уг нь дотооддоо үйлдвэрлэсэн зүйлээсээ худалдан авалт хийвэл улс орны маань эдийн засаг гээд хэн хэнд нь ашигтай байгаа юм. Энэ тал дээр төр засгаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого сул, төдийлэн сайн хэрэгжихгүй байгаа нь харагдаж байгаа юм. Бээжингийн дунд сургуулиуд шиг манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Монголдоо үйлдвэрлэсэн” биеийн тамирын хувцсаараа жигдрэх боломжийг төр засгаас маань дэмжээд өгвөл манайх шиг жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй бизнес эрхлэгчдэд боломж нэмэгдэж гадагшаа урсах мөнгө маань дотооддоо эргэлдэх боломжтой болж байгаа юм.

-Манай сэтгүүлийг орон даяар захиалдаг. Сургуулиуд танайхтай холбогдож сурагчдын биеийн тамирын хувцас олноор нь захиалъя гэвэл ямар хөнгөлөлт урамшуулал олгох вэ?

-Олноор захиалга орж ирэхэд тодорхой хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн байнгын үйлчлүүлэгч нартаа карт гаргаж, биеийн тамирын хувцасны урамшуулал өгье гэсэн бодлого баримталж байна. Ер нь үйлчлүүлэгчдээ татах, одоогийн энэ эрчээ алдахгүй байх маркетингийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Гүйлтийн клуб, ахмад настны алхалтын клуб олон байдаг. Тэр хүмүүс ирээд биедээ эвтэйхэн хувцас бөөнөөр нь хэмжээгээ өгч захиалахад энэ хөнгөлөлт үйлчилнэ биз дээ?

-Тийм зүйл бол нээлттэй. Одоо голдуу нас тогтсон хүмүүс биеийн тамирын хувцас их сонирхож байна. Тэдний биед эвтэйхэн, яг таарсан хувцас дэлгүүрт тэр бүр байдаггүй юм билээ. Тийм учраас захиалгаар биеийн тамирын хувцас их хийлгэдэг болсон.

-Танай загварууд сонирхол татахуйц харагдаж байна. Харилцагч нартаа ямар чиглэлийн оёдлын үйлчилгээг зонхилон үзүүлж байна вэ?

-16-35 насны залуучууд голдуу биеийн тамирын хувцас, спорт загварын куртик захиалж оёулах хандлага нь давамгай байдаг. Ийм учраас манай компани охид залуучуудад зориулсан биеийн тамирын болон чөлөөт хувцас нэлээд дагнаж оёдог гэж болно. Монголдоо үндэснийхээ үйлдвэрийн чөлөөт хувцсыг таниулахыг хичээж, энэ талаар багагүй хүчин чармайлт гарган ажиллаж байна.

-Танайх загварын чиг хандлагын хувьд ямар чиглэлийг баримталж байгаа вэ?

-Сонгодог чиглэлийг түлхүү барьж ажилладаг гэж болно. Залуусын чөлөөт загварын хувцасны хувьд орчин цагийн трендээ дагаад загварын чиг хандлагадаа шинэчлэлт хийдэг. Мэдээж өдөр тутмын болон загварлаг хувцас хийх ч шаардлага гардаг. Цаг үетэйгээ хөл нийлүүлж явахын тулд судалгаа хийж, дэлхийн загварын чиг хандлагаас дизайнерууд маань санаа чиглэл авдаг. Үүний зэрэгцээ улирлын чанартай захиалгууд ч бас нэлээд орж ирдэг болсон. Тухайлбал зам, барилга, уул уурхайн ажлын ид үед бүх төрлийн ажлын хувцасны захиалга огцом нэмэгддэг юм. Ажлын хувцасны тухайд бол бид хамгийн гол нь стандартаа баримталж ажилладаг. Тийм учраас ажлын хувцас ч хийж байна, биеийн тамирын хувцас ч оёж байна. Мөн залуусын чөлөөт хувцас ч нэлээд түлхүү үйлдвэрлэдэг.

-Тэгэхээр хөрвөж ажиллана гэсэн үг үү ?

-Тийм ээ. Өнөө үед монголын нөхцөлд нэг л зүйлээ дагнаад барина гэдэг жаахан дутмаг байдаг. Түүнчлэн манайхан чинь оёдлын үйлдвэр гэхээр л бүгдийг оёдог гэж ойлгож дадсан сэтгэлгээтэй байна шүү дээ. /инээв/ Хэрэглэгч орж ирээд биеийн тамирын бус өөр загварын хувцас оёулмаар байна гэхээр нь “Бид зөвхөн биеийн тамирын хувцас оёдог” гэлтэй нь биш. Хэрэглэгч гэдэг чинь өөрөө “хаан” учраас тухайн хүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд яалт ч үгүй дагаад хөрвөж ажиллах шаардалага гарна. Манай хамт олон хэрэглэгчийнхээ сэтгэл хангалуун байдлыг нэгт тавин ажилладаг.

-Дагнаж ажиллах боломж одоохондоо алга гэсэн үг үү?

-Тийм ээ. Тодорхой чиглэлээр дагнаж үйлдвэрлэлээ явуулахад дотоодын төдийгүй гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж чаддаг болж байж л боломж бүрдэнэ. Одоо тийм нөхцөл бүрэлдээгүй болохоор яалт ч үгүй улирлаа, эрэлт хэрэгцээгээ дагаж үйлдвэрлэл явуулах шаардлага тулгарч байна. Тийм ч учраас төрөөс бага зэрэг зохицуулалт, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих бодлого гаргах шаардлага байна л даа.

-Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих бодлогод өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэсэн үг байна даа ?

-Тийм ээ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд төрийн оновчтой бодлого үгүйлэгдэж байна гэдгийг хэлмээр байна. Уг нь үндэсний үйлдвэрүүд маань дагнаж хөгжих юм бол бүтээгдэхүүний чанар ч сайжирна, хүмүүс ч үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж сурна. Улмаар гадагш урсах мөнгөний урсгал багасгаж хөрөнгө оруулалт дотооддоо үлдэх нэг нөхцөл болж улс орны эдийн засаг ч сайжирна гэж хардаг.

-Тухайлбал, ямар дэмжлэг их чухал байна вэ?

-Ер нь байгууллагуудын захиалгаар бөөний үйлдвэрлэл явуулахад тендер гэж будилаантай зүйл нэлээд саад болдог гэж болно. Ажлын хувцас ч, сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны хувьд ч төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого гаргаад, хүчин чадалд нь тааруулаад хуваарилж захиалдаг тогтолцоонд шилжих юм бол их сайн хэрэгжих хөрс суурь нь энэ зах зээлд бүрдсэн гэж үздэг.

-Бизнес эрхэлнэ гэдэг хүнээс сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, шаргуу байдлыг шаарддаг юм байна. Нэлээд бэрхшээлийг туулж байж тодорхой амжилтад хүрэх нь ээ дээ?

-Үйлдвэрээ хөгжүүлье, хэрэглэгчдээ татъя гэсэн зорилгодоо хатуу зогсож байж л үр дүнд хүрнэ. Төрөөс бодлогоор дэмжиж байгаа зүйл одоохондоо үнэхээр алга. Татварын хөнгөлөлт биш, дарамт л нэмэгдээд байдаг болохоор нэлээд хүчин чармайлт шаардагддаг л даа.

-Танайх цаашид ямар загварын хувцас түлхүү үйлдвэрлэхээр зорьж байна вэ?

-Бид цаашид залуусын хувцасны чиг хандлагадаа чөлөөт, англи хэв маягтай хувцас үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх зорилт тавьж байна. Шинэ загвараа таниулахад эрсдэлийн тодорхой хэмжээний хугацаа гэж бий. Танигдах хүртэл хамгийн багадаа 5-6 сар гэх мэт. Гэвч бид үйлдвэрлэлээ цаг үеийн мэдрэмжтэй байлгахыг зорьж байгаа учир аль болох хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээ хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна.

-Та бүхний ажилд амжилт хүсье. Монголдоо үйлдвэрлэсэн шинэлэг загварын хувцас залуусын хэрэглээ болно гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсан: Ц.Оюунчимэг

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pkxny(202.179.30.178) 2019 оны 06 сарын 17

Энэ хаана бдаг үйлдвэр вэ ? Захиалга өгвөл хаана яаж хандах вэ

0  |  0
Зочин(103.229.123.50) 2018 оны 05 сарын 24

Энэ хаана бдаг үйлдвэр вэ ? Захиалга өгвөл хаана яаж хандах вэ ????

0  |  0
zochin(202.21.111.98) 2018 оны 05 сарын 24

Mundag busguid amjilt husie

0  |  0
Top