Ө.Хуягбаатар: Бид наамал дүнзэн “ухаалаг” байшинг Монголдоо брэнд болгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Барилгын зураг төсөл, модон барилгын угсралт, барилгын материалын импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХАН-ГАЛ Констракшн ХХК-ийн ерөнхий захирал Ө.Хуягбаатартай ярилцлаа.

 


-Юуны өмнө манай уншигчдад компаниа танилцуулна уу. Танай компанийн хувьд харьцангүй сүүлд байгуулагдсан ч олон талын үйл ажиллагаа явуулдаг гэж сонссон?

-“Зиндаа” сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай компани 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Компани маань байгуулагдаад удаагүй ч гэсэн миний хувьд 2012 оноос хойш модон барилгатай холбогдож, энэ салбарт хүчин зүтгэж ирсэн. Компаниа байгуулахаас өмнө “Шинэст констракшн” компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Манай ХАН-ГАЛ Констракшны хувьд барилгын зураг төсөл, модон барилгын угсралт, барилгын материалын импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын материалын импорт, худалдааны хувьд ОХУ-ын мод боловсруулах тэргүүлэх үйлдвэр болох “Госстрой” компанитай хамтран ажиллаж чанарын 13 стандарт нормыг хангасан наамал дүнз болон модон материалын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Харин барилгын зураг төслийн хувьд олон улсын “Asia honor Awards”- ийн шагналт Япон улсын зөвлөх архитектор Мотому Огатагаар ахлуулсан чадварлаг архитектор, инженерийн баг барилгын бүх төрлийн зураг төслийг боловсруулж байна. Барилга угсралтын технологи дээр мөн “Госстрой” компанийн модны технологич болон барилгын чадварлаг инженерүүд зөвлөхөөр ажилладаг. Бид Монгол Улсдаа тэргүүлэгч барилгын материал нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэглэгчиддээ наамал дүнзэн болон Канад технологийн модон араг бүтээцтэй барилгыг инженерийн иж бүрэн шийдлээр түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр барьж гүйцэтгэж байна.

-Түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөл гэхээр юуг хэлж байна вэ?

-Хүний амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийг хэлж байгаа юм л даа. Энгийнээр хэлбэл халуун, хүйтэн устай гэрэл цахилгааныг шийдсэн байх. Мөн манай байгууллага нь “Dream Furniture” тавилгын үйлдвэртэй хамтран тэмдэглэлт өдрүүдэд баярын урамшуулал зарлан тавилга бэлгэнд өгдөг. Түүнчлэн өрөөний төлөвлөлт хийхдээ “Dream Furniture”-ийн дизайнеруудтай захиалагчдаа уулзуулж материалын онцлог, зөв шийдэл, өнгө дизайн, хүний хөдөлгөөн эргономикийг санал болгон захиалагчиддаа шинэ барилга, шинэ тавилгыг цогцоор нь шийдэж өгснөөр цаг хугацааг нь хэмнэдэг. “Dream Furniture” ХХК манай загварын байшинд тавилгыг иж бүрэн шийдэж хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.

БИД ХЯМД ӨРТГӨӨС ГАДНА ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭН АЖИЛЛАДАГ

-Одоогийн хэрэгжүүлж буй төсөл нь танай компанийн хамгийн анхны төсөл нь гэж хэлж болох уу? Онцлог давуу тал нь юу вэ?

-М.кв-ын сонголтын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Манай төслийн хувьд Дүнзэн болон Канад карказ гэсэн хоёр төрлийн хийцийг захиалагч нартаа санал болгож байна. Наамал дүнзэн нь 140 м.кв -200м.кв, Канад карказ нь 140 м.кв-200 м.кв хооронд гурван төрлийн загварын сонголттойгоор баригдаж байна. Төслийн маань онцлог нь, орон сууцны айлуудын СӨХ-ны хэрэглээтэй харьцуулахад маш бага өртөгтэй байхаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл айл бүр өөрийн гэсэн гүний худагтай байна. Дээрээс нь хэрэглээнийхээ хэмжээгээр бохироо соруулбал СӨХ-ны зардал нь бага гарна. Харуул хамгаалалтыг цахим байдлаар буюу смарт технологиор шийдэж байгаагаас гадна хөдөлгөөн мэдрэгч, утсаараа тогоо таслах, усаа хаах, гэрийнхээ аль хэсгийг хэдий хэмжээний халаалттай байлгахаа ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар бүрэн шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн гар утсандаа тусгай апп суулгаад утсаараа удирдах боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаа учир дэвшилтэт технологийн ачаар хэрэглээний зардал маш бага гарна гэдэгт найдаж байна. Жишээ нь өрхийн гурван гишүүн амьдардаг гэж бодъё л доо. Тэгвэл гэр бүлийн гишүүн тус бүрийн хэрэглээний хуулгыг дэлгэрэнгүй гаргах боломжтой. Мөн цахилгаан, усны хэрэглээг тоолох системийг суурилуулна. Ингэснээр гэр бүлийн гишүүдийн хэн нь ус их хэрэглэж байгааг тооцоолж болох юм.

-Загварын хувьд гурван төрөл гэлээ. Ямар гурван загваруудаас сонголтоо хийх боломжтой вэ?

-Загварын хувьд ерөнхийдөө сонгодог хэв маягтай байна. Бид судалгаан дээр үндэслэн загвараа гаргасан. Судалгаанд оролцогчдын 87 хувь нь сонгодог хэв маягийг илүүд үзсэн.

-Дулааныг яаж шийдвэрлэх бол?

-Дулааны хувьд ICM компанитай хамтран ажилладаг. Энэ компани нь айл бүрийн өрөөний радиатор дээр тусад нь халаагуур тавиад, утсаар холбоод, цахилгааны тогтмол гүйдлийг хэмнэх төхөөрөмж байрлуулж, хэрэглээний зардлыг маш бага байхаар тооцоолсон. Тухайлбал төвийн дулаантай орон сууцны хувьд дулааныг эзэлхүүнээр нь хэмждэг. Айлын тааз 2:50- 2:70 орчим байдгийг шал руу нь шилжүүлж бодохоор сард нэг м.кв дулаанд 650 орчим төгрөг төлдөг. Харин манай шийдэж байгаа дулааны хэрэглээ өвлийн хамгийн хүйтэн үед 1м.кв нь 1000 орчим төгрөг болно. Тэгэхээр 200 м.кв байшингийн нэг сарын хэрэглээ ойролцоогоор 200-250 мянган төгрөг гарна гэж ойлгож болно. Уламжлалт байдлаар шийдвэл маш өндөр буюу 200 м.кв хауст 200 квт- ын цахилгаан зуух байрлуулна гэж бодоход нэг сая гаруй төгрөг гарна. Тэгвэл бидний дээрх шийдэл үүнээс 3-4 дахин бага тусахаар байгаа биз? Тийм байна. Худалдан авагчдад аль болох өртөг бага тусгахыг зорьжээ? Тэгэлгүй яахав. Манай компанийн эрхэм зорилго бол хүнээ дээдэлж эрүүл амьдрах орчинг эрхэмлэн, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, инженерийн төгс шийдлээр эрчимтэй хөгжлийг бүтээн байгуулахад оршдог. Бид хямд өртгөөс гадна чанарыг эрхэмлэн ажилладаг. Бусад компанитай харьцуулахад, 14 см байдаг хананы өргөнийг бид 27 см зузаантай, хоёр давхар дулаалгатайгаар хийж гүйцэтгэж байна.

-Цаашид хийж гүйцэтгэх төсөл болоод компанийнхаа зорилго зорилтоос танилцуулбал?

-Салбартаа ихийг хийж бүтээхсэн гэсэн залуу хүний оргилуун их хүсэл мөрөөдөл байна. Дараагийн төслүүд болох “Сакура” хийлс, “Зайсан” хийлс, “Сэлбэ” хийлс зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Эдгээр хаусаа Зайсанд, сэлбийн эцэст, Жаргалантын аманд барихаар төлөвлөж байгаа учир дээрх нэрүүдийг өгсөн гэж болно.

-Монголчууд Канад технологийн хаусыг багагүй мэддэг болсон. Хүмүүсийн мэддэг нийтлэг ойлголтоос гадна модон материалын давуу талуудыг нэрлэвэл?

-Модон материал нь бетон, төмөр зэрэг барилгын түгээмэл материалуудаас харьцангүй хөнгөн жинтэй боловч бат бөх, ашиглахад хялбар, өртөг хямд. Мөн барилгын олон төрөл зүйлийн материалууд дотроос мод нь байгаль дээр нөхөн сэргээгддэг гэдгээрээ онцлогтой. Жишээ нь голын хайрга чулууг ухаад авлаа гэхэд дахин нөхөн сэргээгдэхгүй. Харин модны хувьд байгаль дээрээ ургадаг, тайрлаа гэхэд зөв зохион байгуулалттай эргэн нөхөн сэргээх боломжтой. -40 с +40 хэмийн бүсэд орших дэлхийн аль ч нутагт тохиромжтой хамгийн оновчтой сонголт нь модон каркастай барилга гэж нэрлэгддэг. Мод нь эсийн хөндий бүхий бүтэцтэй учир маш сайн дулаан тусгаарлагч болж гангаас 400 дахин, бетоноос 8,5 дахин их дулаан тусгаарладаг. Дээрээс нь өнгө, дизайн, төлөвлөлт гэх зэрэг шийдлүүд дээр мод хамгийн тохиромжтой. Мөн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эко шинж чанартай гээд нэрлэвэл давуу тал олон бий.

КАНАД КАРКАЗАН БАРИЛГЫГ ЗАХИАЛГЫН ДАГУУ ХУРДАН ШУУРХАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ

-Тухайлбал модон байшинд амьдардаг хүн найман жилээр урт наслах боломжтой гэж Японы эрдэмтэн судалж тогтоосон байсан.

-Тийм шүү. 20 жил модон байшинд амьдарвал найман жилээр нас уртсах боломжтой гэдэг. Түүнчлэн газар хөдлөлтийн хувьд тэсвэртэй, мөн манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд барилгын салбарын үйл ажиллагаа хоёр улирал л үргэлжилдэг. Харин модон барилгын хувьд суурийг нь дулааны улиралд шийдчихвэл, дөрвөн улирлын турш барилгын ажил явагдах боломжтой.

-Канад технологиор төсөл хэрэгжүүлж байгаа олон барилгын компани манайд бий. Тэр бүгдээс танай компанийн ялгарах онцлог нь чухамхүү юу вэ?

-Бид чанарыг эрхэмлэдэг. Модон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудаас ISO:9001 чанарын удирдлагын менежментийн тогтолцоог Монголдоо хамгийн анх нэвтрүүлсэн компани. Мөн импортоор мод оруулж ирдэг гэдгээрээ илүүдэл зардалгүйгээр шууд үйлдвэрээс нь нийлүүлдэг учраас нэмүү өртөг бага байдаг. Энэ нь өртгийн хувьд хямд тусаж байна гэсэн үг. Монголын хувьд мод боловсруулдаг цөөхөн үйлдвэр бий. Тухайн үйлдвэрүүдийн хувьд менежмент, систем, технологийн зэрэгцээ, маш их хэмжээгээр үйлдвэрлэлээ гэхэд худалдан авалтгүйгээс гадна, хадгалах агуулахын боломж хомс, түүхий эдийн эргэлт удаан, дээрээс нь үйлдвэрүүд зээлээр л босож байгаа. Түүнээсээ хамаарч эргэн төлөлт, зээлийн хүү нь нэгж м.кв бүтээгдэхүүн дээр ачаалал өгдөг. Ийм учраас үнийн хувьд илүү өндөр байдаг юм. Харин манай компанийн хувьд захиалгаа авлаа, зургийг нь зурлаа, шууд үйлдвэртээ захиалгаа өгчихдөг. Жишээ нь манай загварын оффис ямар ч дамжлагагүйгээр үйлдвэрт гурваас тав хоног эсгүүлээд, долоо хоног тээвэрлэж, нийтдээ 10 хоногийн дотор орж ирдэг. Энэ хугацаанд манай ажилчид сууриа бэлэн болгодог.

-Танайх загварын оффисоо хэдий хэр хугацаанд барьсан бэ?

-Манай загварын оффис 200 м.кв. Оффисынхоо хананы дүнзийг 8 цаг л барьсан. Заслын ажлууд дээр нэлээд цаг хугацаа зарцуулдаг. Нийтдээ 42 хоногт барьсан. Манай загвар байшин дээр ирээд өөрийн нүдээр үзэж, харж ярилцан бүх мэдээллээ нэг дороос авах боломжтой. Захиалагчдынхаа хүссэн хэмжээ, загвараар бид амины орон сууцыг тань түргэн шуурхай барьж өгөх болон үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

-“Үрдээ үлдээх үнэт хөрөнгийг тань бид бүтээнэ” гээд их сайхан уриатай юм. Хүн амьдрах хугацаандаа цөөхөн удаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг. Тэр оновчтой сонголтыг хийхэд танай компани хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

-Баярлалаа. Уриа болоод компанийнхаа нэрийг ихэд бэлэгшээж өгсөн л дөө. Тухайлбал, ХАН-ГАЛ нэрний тухайд тайлбарлахад, Хан гэж шувууны тавхай шиг зүг бүр тийшээгээ харсан хэлбэртэй гүн ногоон өнгөтэй уулын энгэр нөөлөг газар үелэн ургадаг ургамал байдаг. Тиймээс хан ургамлын зүг бүр харсан дэлбээг нь барилгын цонхоор төсөөлөн бэлгэдэж, энгэр нөөлөг газар үелэн ургадгийг нь олон хотхон хороолол, төсөл хэрэгжүүлээсэй гэж, гүн ногоон өнгийг нь эко орчин, инженерийн төгс шийдлийг барилгадаа тусган хэрэглэгчдэд хүргэхийг зорилго болгосон. Харин гал гэдэг нь галт сүүлт шувууны нэр юм. Энэхүү шувуу Ази, Европ, Африк тивээр нүүдэллэн амьдарч, хүчилтөрөгчтэй орчинг илүүд үзэн ой, мод цэцэрлэгт хүрээлэн, модон байшингийн дээвэрт үүрээ засан амьдардаг. Галт сүүлт шувуу шиг бизнес маань хурдтай, амжилттай эрх чөлөөтэй, тив дамнасан экспорт хийхийг бэлэгшээн, хүчилтөрөгчийг дээдлэн барилгын материал дундаас цорын ганц нөхөн сэргээгддэг модыг сонгон хэрэглэгчдэд наамал дүнзэн болон Канад карказан барилгыг захиалгын дагуу хурдан шуурхай хийж гүйцэтгэнэ гэдэг утгыг илтгэж байгаа юм. Нөгөө талаар хангал морийг моринд сайн хүн унаж номхтгодог. Харин моринд муу хүн унавал шууд л унаад үрэгдэх эрсдэлтэй. Үүн шиг бизнесийн зарчим талаас нь нэрийг маань харах боломжтой.

-Гүн утгыг илтгэжээ. Таны ярианд наамал дүнз, Канад карказ гэж их яригдлаа. Ялгаа болоод чанарын хувьд аль нь илүү вэ?

-Наамал дүнз гэдэг нь мод болон банзыг камерт ширхэг ширхгээр нь хатаагаад пресслээд маш өндөр хүчдэлтэй тог цохиулаад зориулалтын цавуугаар цавуудаж наахыг хэлдэг. Энэ нь цул материалдаа ордог. Харин Канад карказ нь нэг төрлийн ширхгийн материалыг технологийн дагуу хэмжээнүүдээр босгоод дунд нь дулаалгын материалаар дүүргэж, хоёр талаас нь өнгөлгөө хийхийг хэлдэг. Наамал дүнз чанарын хувьд илүү учир өртөг өндөртэй материалдаа орно. Ер нь Канад карказ, наамал дүнз хоёрыг харьцуулахын аргагүй тэс өөр технологи юм л даа. Модон материал нь галд шатах магадлал өндөр гэдэг боловч өндөр нягтралтайгаар шахаж наасан наамал дүнзний галд шатах тэсвэрлэлтийн хугацаа нь жирийн модноос 2-3 дахин урт байдаг.

-Наамал дүнз манайд хэр зэрэг нэвтэрсэн бэ? Үнэ ханшийн хувьд өндөр гэлээ.

-Монгол Улсын хэмжээнд наамал дүнзийг дөрвөн компани л үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Үүнийг Канад технологи шиг хүмүүст таниулах улмаар барилгын материалын брэнд болгохыг зорьж байна. Үнийн хувьд Канад карказан байшингаас хоёр дахин илүү үнэтэй гэж ойлгож болно.

НЭГ АЙЛЫН АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХАД 126 ТӨРЛИЙН ШИЙДВЭР ГАРДАГ

-Барилгын салбар уналттай байна, нийлүүлэлт нь эрэлтээсээ хэд дахин давсан гэж ярьдаг. Амины орон сууцны хувьд худалдан авалт хэр байна вэ?

-Амины орон сууцны хувьд эсрэгээрээ, нийлүүлэлт нь эрэлтээсээ давна гэсэн ойлголт бараг байхгүй дээ. Модон материал талаасаа 2018-2019 онд эрэлт улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Зарим хүмүүс “Бүрэн цутгамал байшингийн цаана арматур цутгачихсан байгааг шашин талаасаа ойлгоод торны цаана суух нь тохиромжгүй юм” гэж ч ярьдаг. Энэ утгаараа модон байшинг сонгож эрүүл орчинд байвал тааламжтай гэж хүлээж авч байна. Мөн тухайн захиалагч эрүүл мэндийн хүнд шалтгаантай бол модон байшинг илүүд үздэг. Жишээ нь манайд нэг захиалагч ирж байсан юм. Эхнэр нь химийн өвчтэй, цэвэр ус ч ууж болдоггүй, гол горхиноос модон аягаар ус уудаг, эмульс, обой гэх мэт химийн гаралтай зүйлээс харшилдаг гээд. Энэ тохиолдолд байгалийн бүтээгдэхүүн болох модон хаусыг сонгож байгаа юм. Энэ мэт нэг хэсэг нь насаа уртасгах зорилготой модон байшинг сонгодог бол, нөгөө хэсэг нь орон сууцнаасаа гадна арай өөр төрлийн байшинтай болох сонирхолтой байдаг. Хэрэглээний зардал багатай амьдрахыг зорьж, гурван давхар том байшинд хоёулхнаа амьдрахаас илүүтэй, чанартай халуун дулаан жижигхэн байшинд аз жаргалтай амьдрахыг илүүд үздэг болсон гэсэн үг. Энэ жишгээр хэрэглэгчид маань жил бүр нэмэгдэж байгаад бид их баяртай байдаг.

-Дэлхийн чиг хандлага нь ямар байдаг бол?

-Дэлхийд хамгийн түрүүнд модыг л сонгож байна. Чинээлэг хүмүүс өөрийн амьдрах орчиндоо хөрөнгө оруулалт хийхдээ, мөн нэр хүндтэй урлаг соёлынхон хонкотой л байх ёстой гэж боддог болчихсон. Ер нь бол наамал дүнзэн модон байшинг хонко гэж хүмүүс ойлгодог. Хонко бол дэлхийд танигдсан брэнд. Үүнтэй адил бид Монголдоо наамал дүнзэн ухаалаг байшинг брэнд болгон брэндийн нэрээ удахгүй танилцуулах болно.

-Амины орон сууц барихад анхаарах ёстой хамгийн чухал зүйлс юу вэ?

-Чухал зүйлс олон бий. Тухайлбал, чанар, стандарт, тав тух, аюулгүй байдал, орон зайн зөв шийдэл, материал сонголт,хийц технологи гэх зэргийг нэрлэж болдогоос гадна нэг айлын амины орон сууц барихад 126 төрлийн шийдвэр гардаг. Энэ олон шийдвэрийг зөв гаргаж байж сайн байшин болдог.Манай компани модон бүтээц, барилгын чиглэлдээ ISO 9001 хангасан салбарын анхны компани болохын хувьд олон улсын стандартыг чанд мөрддөг. Мөн энэ чиглэлээр компаниараа ч өөрөө ч сургалтад тогтмол хамрагддаг. Компанийн хувьд 7 хоног бүр Монголын тэргүүлэгч зөвлөхүүдээс төрөл бүрийн сургалт авдаг.

Барилгын салбарын бэрхшээл, асуудал таныхаар юу байна?

Яг модон хийц, бүтээцээр барилга барьж байгаа байгууллагуудын хувьд аль болох стандартаа мөрдөх гэж оролддог ч зарим нь үнэндээ хамгийн хямд материалаар стандарт зөрчсөн шахуу байшин барилга барьж, модон байшингийн нэр хүндийг унагааж байгаа нь үнэхээр харамсалтай. Мөн дотоодын стандартчлалын хувьд нэг айлын модон барилгын стандарт гэж л байх болохоос олон нийтийн модон барилгын буюу үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн барилгын норм стандарт Монгол Улсын хэмжээнд байдаггүй. Зарим нэг компаниуд нь хэдий энэ стандарт Монголд байхгүйг, бүр олон улсын стандартыг мэддэг ч үйлчилгээний модон барилга барихдаа үүнийгээ баримталдаггүй зэрэг асуудлууд мэр сэр бий.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим гэвэл?

- Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандах хандлага

- Хүмүүсийг хүндлэх, хүн байх

- Худлаа хэлэх, хэн нэгний итгэлийг алдахгүй байх.

Энэ гурван зарчмыг ажил амьдралдаа ягштал баримталдаг. Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Ш.Адъяамаа

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
su ah(202.179.26.227) 2019 оны 01 сарын 08

baishingiinhaa une urtugiig yarihgui baigaa ni ich l no-toi sanagdlaa hulhidah gej baigaa biz

0  |  0
tuul(122.201.19.99) 2023 оны 02 сарын 03

iim zaluus olon boloosoi saihan yriltslaga bn amjilt

2  |  0
Top