Доктор Д.Заяабаатар: Монголчууд бидний өөрсдийгөө харах толь бол “Монгол судлал”

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Монгол үндэстний уламжлалт хэл, соёл, түүх, зан заншил, шашин мөргөлийн дархлааг хадгалан бататгах, бусад улс үндэстнүүдэд сурталчлан таниулахад “Монгол судлал” онцгой үүрэгтэй бөгөөд энэ бүхнээр дамжин Монгол Улсын үндэсний аюулгүй байдал улам батжиж байдаг байна. Иймээс ч Монгол судлал бол монголчуудын хөгжил дэвшилд эрдэмтдийн зүгээс оруулж буй гайхамшигтай хувь нэмэр гэж хэлж болно. Монгол судлалыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа, монгол судлаачдын төлөөлөл болсон эрдэмтэн судлаач Д.Заяабаатартай уулзаж ярилцлаа.

 


 

 

-МУИС-ийн 75 жилийн ой энэ онд тохиож байна. Ярилцлагаа таны МУИС-тай амьдралаа холбосон он жилүүд, одоо эрхэлж буй ажил үүргийн талаар эхэлье?

-Би 1998 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиол судлаач, багш мэргэжлээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл их сургуульдаа ажиллаж байна даа. Туслах ажилтан, багш, бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, захирал гээд бүх шатыг дамжсан. Одоо Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, Монгол судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Мөн МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, гишүүн гээд сургуулийнхаа хөгжлийн бодлогод үүрэг оролцоотой нэгжүүдийн үйл ажиллагаанд чадал боломжийн хэрээр идэвх санаачилгатай оролцохыг хичээдэг.

-МУИС бол Монголын оюун санааны түүчээ болсон эрдмийн их өргөө. Тиймээс ч Монгол Улсын нийгмийн хөгжил, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ утгаар нь аваад үзвэл, МУИС “Монгол судлал”-ын салбарт маш том орон зайг эзэлнэ гэсэн үг. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү?

-Дэлхийн монгол судлалын тэргүүлэх төвийн нэг бол гарцаагүй МУИС. Манай сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хэмжээнд үндэсний дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх үндэс суурь болж, төгсөгчид нь монголын шинжлэх ухааны байгууллага болон их, дээд, дунд сургуульд төрөл бүрийн мэргэжлээр ажиллаж ирсэн. Эдгээр мэргэжлийн нэг гол чиглэл нь монгол судлалын хүрээнд багш, судлаачийг бэлтгэх явдал байсан. Тийм учраас МУИС-ийн анхны төгсөгчдөөс эхлээд Монгол судлалын салбарт нэр алдраа дуурсгасан томоохон эрдэмтэд төрж гарсныг эрдэм номын хүрээнийхэн андахгүй дээ. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын академич монгол хэл, түүхийн салбарын оюутанд хичээл зааж, их сургуулийн оюутанд зориулж гол гол бүтээлээ туурвиж байсан нь тус сургууль Монгол Улсад төдийгүй олон улсад Монгол судлалын нэр хүндтэй төв болох эх суурийг тавьсан юм. Тухайлбал, Б.Ренчиний “Монгол бичгийн хэлний зүй” 4 боть, Ц.Дамдинсүрэнгийн “Монголын эртний уран зохиолын тойм”, “Монголын уран зохиолын дээж зуун билиг”, Ш.Лувсанванданы “Монгол хэлний зүй”, “Монгол хэлний бүтэц” 2 боть зэрэг суурь бүтээлүүд Монгол улсаар зогсохгүй олон улсын Монгол судлалд жинтэй хувь нэмэр оруулсан. Үүнийг залгаад төвдөч Дорж, манжич Л.Дэндэв, Я.Шаарийбуу, ардын багш Д.Чойжилсүрэн нарын зохиосон төвөд, манж, монгол бичгийн сурах бичиг нь одоог хүртэл монгол судлалын чиглэлээр сурч мэргэших дотоод гадаадын оюутан, судлаачдын чухал гарын авлага болсоор байна.

2016 онд Олон улсын Монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал Улаанбаатар хотноо болсон. Таван жил тутамд болдог дэлхийн Монгол судлалын хамгийн том хурал шүү дээ. Энэ хуралд 29 орны 450 гаруй эрдэмтэн оролцсон. Үүний цаана судалгаа шинжилгээний бодит үйл ажиллагаа явуулдаг боловч тус хуралд хараахан ирж амжаагүй орон, судлаачид бас бий.

-МУИС-д “Монгол судлал”-аар мэргэшин судлахыг хүссэн гадаадын оюутан, судлаачид их байдаг гэж сонссон Энэ тухай яриач?

-МУИС зөвхөн өөрийн орны судлаач эрдэмтдийг бэлтгээд зогсохгүй гадаадын монголч эрдэмтдийг бэлтгэхэд чухал хувь нэмрийг оруулсан, оруулсаар ч байна. 1950- иад оны сүүл үеэс монгол хэл, бичиг сурч монгол судлалаар мэргэших хүсэлтэй гадаадын оюутан, мэргэжил дээшлүүлэгч, судлаачид МУИС-д урт богино хугацаагаар суралцах болсноор Японы Х.Хасуми, М.Онуки, М.Хашимото, Х.Футаки, К.Окада, Солонгосын И Сөнг Гю, Канг Шинь, Чой Дун Гүн, Юү Вонь Су, Америкийн Алиса Кэмпи, К.Этвүүд, Чехийн Я.Вацек, Францын Франсуаз Обен, Роберт Амоён, Жак Легран, Ален Дежак, Германы Х.П.Фийце, Ута Шөнэ, Ренате Баувэ, Удо Баркманн, К.Коппе нарын нэртэй эрдэмтэн төрөн гарч, өөр өөрийн орны монгол судлалын тэргүүлэх эрдэмтэн болсон. Нөгөөтэйгүүр тус сургуулийн хэлбичгийн багш нар 1950- иад оны сүүлчээс одоо хүртэл гадаадын их дээд сургуулийн Монгол судлалын салбарт зочин профессороор ажиллаж, тэдгээр орны монгол судлаачийг бэлтгэхэд байнга тусалж ирсэн түүхтэй. Манай багш нар АНУ-ын Индиана их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Вашингтоны Төрийн департаментийн гадаад хэлний сургууль, Японы Осака их сургууль, Токиогийн гадаад судлалын их сургууль, БНСУ-ын Тангүгийн их сургууль, Солонгосын гадаад судлалын их сургууль, Австралийн үндэсний их сургууль, ХБНГУ-ын Бонн, Гумбольдт, Лайпцигийн их сургууль, ИБУИНВУ-ын Кембриж, Лондон, Лийдсийн их сургууль, Францын Парисын Дорно дахины хэл, соёл иргэншлийн дээд сургууль, Италийн Неаполийн сургууль, Унгарын Будапештын их сургууль, Чехийн Карлын их сургууль, Польшийн Варшавын их сургууль, Энэтхэгийн Неругийн их сургууль, БНХАУ-ын Бээжин, Төвийн үндэстэн, Өвөрмонголын их сургууль, ОХУ-ын Санкт-Петербург, Буриадын их сургууль гэх мэт дэлхийн монгол судлалын гол төвүүдэд багшилж байлаа. Эдүгээ өөр өөрийн орны монгол судлалын өнгийг тодорхойлж, ид бүтээн туурвиж яваа нэртэй монголч эрдэмтэд эдгээр сургуулиас төрж гарсныг хэлэхэд бахархалтай байна. 1980-аад оноос хойш монгол судлалын мэргэжил эзэмшихийг зорьсон гадаадын иргэд МУИС- ийн магистрантур, докторантурт суралцах болсон нь монгол судлал өргөжин тэлж буй бас нэг үзүүлэлт гэж хэлж болно.

-Таны хувьд гадаадын нэр хүндтэй сургуулиудад Монголоосоо зочин профессороор очиж ажиллаж байсан гэж сонссон. Энэ тухайгаа яривал?

-Би дээр хэлсэн. Зөвхөн би гэлтгүй манай сургуулийн олон багш нар гадаадын их дээд сургуульд урилгын профессороор ажиллаж, монгол судлалын залгамж халааг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Миний хувьд харьцангуй залуудаа БНСУ-ын монгол судлалын анхны төв Тангүг их сургуульд багшилж, дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улсын 3 дахь том их сургууль болох Осака их сургуульд зочин профессороор ажиллах боломж олдсонд баярлаж, бахархаж явдаг аа. Эдгээр газарт ажиллаж байхдаа эх хэл, соёлоо заан сургахын зэрэгцээ мэдлэг боловсролоо дээшлүүлж, шинэлэг дэвшилттэй зүйлээс суралцахыг хичээж байсан маань миний ажил амьдралд чухал нөлөө үзүүлсэн шүү.

-МУИС сүүлийн жилүүдэд Монгол судлалыг хөгжүүлэх тал дээр ямар ажил хийж, хэрэгжүүлж байгаа вэ?

-Юуны өмнө Монгол судлалыг хөгжүүлэх асуудлыг МУИС-ийн бодлогын баримт бичигт тусгаж, үе үеийн удирдлагууд тасралтгүй дэмжсээр ирснийг тэмдэглэх ёстой. Өнөөдөр ч Монгол судлалыг дэмжих хөгжүүлэх бодлогыг МУИС- ийн стратеги төлөвлөгөөнд тусгаж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. МУИС-ийн хэмжээнд Монгол судлалыг бодлого чиглэлтэйгээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор захирлын 2000 оны 11-р сарын 14-ны өдрийн 640 тоот тушаалаар Монгол судлалын төвийг байгуулсан юм. Улмаар тус төв 2011 оны 8 сараас Монгол судлалын хүрээлэн болон өргөжиж, үйл ажиллагаа явуулж байна. Манай хүрээлэн сургуулийн хэмжээнд Монгол судлалын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий судалгааны нэгж. Тодруулж хэлбэл, сургуулийнхаа эрдэмтэн багш нарын оюуны нөөцөд тулгуурлан монгол хэл, түүх, соёл, уламжлалт мэдлэг ухаан, нийгэм, эдийн засаг, улс төр, хууль эрхзүй судлалын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, богино хугацааны сургалт зохион байгуулах, үндэсний хэмжээний судалгааны бүтээл туурвих замаар дэлхийн монгол судлал дахь МУИС-ийн тэргүүлэх байр суурийг тогтвортой хадгалах, улам ахиулахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

 

“МОНГОЛ ХЭЛЭНД МӨХӨХ СӨНӨХДӨӨ ТУЛСАН НОЦТОЙ АЮУЛ БАЙХГҮЙ ЭЭ”

-“Монгол судлал”-ын хөгжлийг тодорхойлох баримт бичиг бол энэ чиглэлийн судалгааны бүтээл, ном товхимол гэж бодож байна. Тэгвэл “Монгол судлал-“ын суурь судалгааны бүтээлүүд хэр их хэвлэгдсэн байдаг болон ойрын хугацаанд олны хүртээлд хүрэх ямар бүтээлүүд боловсруулагдаж байна вэ?  

-Суурь судалгааны бүтээлийг тухай бүрт нь яривал маш их зүйлийг өгүүлж болно. Тиймээс ерөнхийд нь дурдъя гэж бодож байна. Дотоод, гадаадын эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүлэл бүтээлийг нийтэлдэг жил тутмын “Acta Mongolica” сэтгүүл, Монголчуудын бичиг соёлын уламжлалд холбогдох судалгааны ганц сэдэвт зохиол нийтэлдэг “Bibliotheca Mongolica” цуврал, сурвалж бичгийн дурсгалын бүрэн эхийг эх бичгийн судалгааны хамт нийтэлдэг “Monumenta Mongolica” цувралыг эрхлэн хэвлүүлж, томоохон бүтээлүүдийг гаргасан. 2016 оноос “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо”, “Монголын эртний түүх” 5 боть, “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс” 9 боть зэрэг төслийг хэрэгжүүлж, суурь судалгааны бүтээлүүдийг хэвлүүллээ. “МУИС- ийн профессорын эрдмийн өв” хэмээх шилмэл өгүүллийн цувралыг эхлүүлээд байна. Удахгүй бага хаадын үе буюу XIV-XVI зууны Монголын түүхэнд холбогдох “Мин улсын судар” хэмээх нангиад сурвалжийн орчуулга, тайлбар” 3 боть, өнөөг хүртэл уламжилсан монгол түүхэн сурвалж, бичгийн дурсгал дахь сургаалыг харьцуулан судалж, эртний үгсийг эдүгээчлэн тайлбарласан “Монгол сургаалын сонгомол” 3 боть бүтээл гарна. Эдгээр ажилд МУИС-ийн хамаарах салбарын эрдэмтэн багш нар баг болон оролцож, тэдний эрдэм судлалын нөр их хөдөлмөрийн үр дүнд дэлхийн монгол судлалын хүрээнд нүүр улайхгүй дэлгэн барих жинтэй бүтээлүүд гарсныг хэлэхэд үнэхээр баяртай бахархалтай байна.

-“Монгол судлал”-ын шинжлэх ухааныг сонирхон судлахыг хүссэн залуус хэр их байна вэ. МУИС-д энэ чиглэлээр элсэн суралцахыг эрмэлзэгсдийн эрэлт хэрэгцээ хэр байгаа? 

-Аливаа улс орны судлалыг сонирхон суралцах хүчтэй хөшүүрэг бол дэлхий ертөнцийн хөгжилд тухайн орны гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь. Энэ талаасаа бусдын анхаарлыг татахуйц жинтэй хүчин зүйл өнөөгийн бидэнд хараахан бүрдээгүйг хэн бүхэн мэднэ. Нөгөө талаас дэлхий ертөнцийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүх, соёлын өвөрмөц онцлогоор бусдын анхааралд өртөх нэг зам бий. Энэ л замаар бидний үүх түүх, хэл соёлыг гадаадынхан сонирхон суралцаж, судлан шинжилдэг тал бий. Өөрөөр хэлбэл, монголчууд бидний өвөг дээдсийн түүхэнд үлдээсэн ул мөр, үр хойч бидэнд өвлүүлэн үлдээсэн үндэсний өвөрмөц соёл гадаад ертөнцийн анхаарлыг татах гол шижим болж байгаа хэрэг. Монгол судлалаар суралцахыг хүсэгч залуусын тоо их биш боловч зорьж суралцахыг эрмэлзэгчид бас ч чамлахааргүй. Энэ тоог өсгөхөд оновчтой хөтөлбөр, зөв бодлого хэрэгтэй. Миний хувьд монгол судлалын залгамж холбоог өөдрөгөөр хардаг.

“Монгол судлал” гэхээр хэл, соёл, түүх судалдаг гэсэн уламжлалт ойлголт байна. Гэхдээ орчин үед “Монгол судлал” гэх ойлголт улам өргөн хүрээг хамрах болжээ?  

Таны хэлдэг зөв. Монгол судлалыг уламжлалт ба орчин үеийн гэсэн хоёр хүрээгээр тодорхойлж болно. Уламжлалт гэдэгт монгол хэл, түүх, соёл, мэдлэг ухааны салбар, орчин үеийн гэдэгт өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төр, хууль эрхзүйн чиглэлийг хамруулан ойлгож болно. Ерөөс монгол судлал бол нийгэм болоод хүмүүнлэгийн ухааны үүднээс “Монгол” гэдэг судлагдахууныг жишээлэн авч үзэж байгаа хэрэг. Нэг хэсэг Монгол судлалд түүхэн үе рүү харж анхаарах хандлага давамгай байсан бол одоо түүхэн болоод өнөөгийн бодит байдлыг хослуулан үзэх чиглэл рүү хандаж байна.

-“Монгол судлал”-ыг хөгжүүлэхийн ач холбогдлын тухайд?  

-Товчдоо Монгол судлал бол монголчууд бидний өөрсдийгөө харах толь. Монгол орон, монгол үндэстний үүх түүх, хэл соёл, нийгмийн байдлыг шинжлэх ухааны өнцгөөр харж судалсан бүтээл, судлаачдын дүгнэлт бол бидний талаарх хамгийн бодитой тодорхойлолт. Тэр тодорхойлолт эерэг, сөрөг байх нь чухал биш. Гол нь шинжлэх ухааны зарчимд тулгуурласан, бодит баримтад түшиглэсэн байх ёстой. Нөгөө талаар Монгол судлаачид бол Монгол орон, монголчуудын тухай хамгийн бодитой мэдээллийг гадаад ертөнцөд түгээдэг хүмүүс. Монгол судлалаар дамжуулж бид өөрсдийгөө зөвөөр таниулах, энэ дэлхийд эзлэх байр сууриа оновчтой илэрхийлэх боломжтой. Бас нэг чухал зүйл нь монгол судлаачдын судалгаа шинжилгээнээс өнөөгийн нийгмийнхээ алдаа оноог харж, улс орны хөгжил дэвшилд зөв чиг болох санаа сэдэл авах боломж бий.

-“Монгол судлал” хэр сайн хөгжинө төдий чинээ монголчууд бид өөрсдийнхөө алдаа оноо, ололт амжилтыг өнгөтөөр “тольдож” болох нь ээ дээ. Ийм толь тод байх тусам монголчуудын өнөө ба ирээдүй цагт ихээхэн чухал нь мэдээж. Тэгвэл төрөөс “Монгол судлал”- ыг хөгжүүлэх тал дээр бодлогын түвшинд ямар чиг баримтлал барьж, ямар ажил хэрэгжүүлж байна вэ?  

-Монгол Улсын төрөөс Монгол судлалыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах тухай 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14 тоот зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлах тухай 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 56 тоот тогтоол, “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах тухай Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 402 тоот тогтоол, “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ- ын 2014 оны 1 дүгээр сарын 16- ны өдрийн 17 тоот тогтоол зэрэг баримт бичигт тусгасан бодлогыг хэрэгжүүлснээр Монгол судлаач эрдэмтдийн сургалт, судалгаа илт идэвхжиж, зарим улсад шинэ төв нээх, дотоод гадаадын монгол судлалын төвүүдийн хамтын ажиллагаа өргөжих, судалгааны суурь бүтээл туурвих, олон улсын жишигт хүрсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг эерэг үр дүн гарч эхэлсэн. Ер нь сүүлийн жилүүдэд Монгол судлалын хөгжилд нааштай хандлага гарч байгааг гадаад дотоодын эрдэмтэд, энэ салбарынхан хүлээн зөвшөөрч байгаа шүү. Монгол судлалыг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлж байгаа ажлыг гадаадын Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, үндэсний хэмжээний томоохон бүтээлүүд туурвих, дэлхийн жишигт нийцсэн эрдэм шинжилгээний хурал семинар зохион байгуулах, Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх, Монголч эрдэмтдэд судалгаа шинжилгээний таатай орчин бүрдүүлэх гэсэн тодорхой хэдэн зорилгын хүрээнд зангидан хэлж болно.

Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын академич монгол хэл, түүхийн салбарын оюутанд хичээл зааж, их сургуулийн оюутанд зориулж гол гол бүтээлээ туурвиж байсан нь тус сургууль Монгол Улсад төдийгүй олон улсад Монгол судлалын нэр хүндтэй төв болох эх суурийг тавьсан юм.

-Монголыг гадаадынхан хэр сонирхож судалж байна вэ. Миний сонссоноор гадаадын 16 оронд “Монгол судлал”-ын сургалт судалгааны төв байдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Яг Монгол судлалын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байгаа талаас хэлбэл баримжаатай тоо байна. Үүнээс гадна Монгол судлалын чиглэлээр судалгааны ажил хийдэг төвүүд, улс орны талаас харвал өөр тоо гарна. Би танд баримттай хэлэх нэг тоо байна. 2016 онд Олон улсын монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал Улаанбаатар хотноо болсон. Таван жил тутамд болдог дэлхийн монгол судлалын хамгийн том хурал шүү дээ. Энэ хуралд 29 орны 450 гаруй эрдэмтэн оролцсон. Үүний цаана судалгаа шинжилгээний бодит үйл ажиллагаа явуулдаг боловч тус хуралд хараахан ирж амжаагүй орон, судлаачид бас бий.

-“Монгол судлал”-ын талаар яривал маш өргөн хүрээг хамрах нь тодорхой байна. Энэ дундаас “Монгол судлал“-ын тулгуур багана болсон “Монгол хэл”-ний тулгамдсан асуудлыг онцлон ярьж өгөөч. Хэл судлалын эрдэмтэн, судлаачид монгол хэл хэт харийн болж, мөхөхөд ойртож байна гэж ярих юм?

-За би урьд өмнө ярилцлага өгөхдөө энэ талаар олон удаа хэлж байсан даа. Монгол хэлэнд мөхөх сөнөхдөө тулсан ноцтой аюул байхгүй ээ. Хэл гэдэг бүхэл бүтэн тогтолцоонд мөхөл гэдэг зүйл тийм ч амар болдог юм биш. Монгол хэл өнөөдөр туурга тусгаар Монгол Улс, сэтгэлгээ ангид Монгол үндэстний албан ёсны хэлний үүргээ яриа, бичгийн аль ч түвшинд гүйцэтгэсээр байна. Монгол хэлний үгийн сан, хэлзүйн тогтолцоонд уг язгуурын зүй тогтлыг зөрчсөн, сөрөг хандлагатай үзэгдэл байна уу гэвэл өөр хэрэг. Ер нь монголчууд бид энэ дэлхийд өнчин ганцаар оршиж амьдраагүй. Дэлхий ертөнцийн нэг хэсэг, бусад улс орон, олон үндэстэнтэй өнө эртнээс түүх соёлын харилцан нөлөөлөлтэй явж ирсэн. Тэр урт замд монгол хэлнээс бусад хэлэнд, бусад хэлнээс монгол хэлэнд үг орох гарах бол олон хэлний нийтлэг үзэгдэл. Харин анхаарах нэг зүйл бол эх монгол хэлний үгийн санд илэрхийлэх боломжтой үг хэллэг байсаар атал түүнийг шахан гаргаж оронд нь харь үг хэрэглэх, монгол хэлний хэлзүйн зүй тогтлыг илт зөрчсөн гадаад хэлний хуулбар орчуулгын шинжтэй нийлэмж бүтцийн хэрэглээ газар авах зэрэг зүй бус хандлагыг засаж залруулах хэрэгтэй. Энэ бол мэргэжлийн судлаачдаас гадна монгол хүн бүрийн үндэстнийхээ өмнө заавар чиглэлгүйгээр хүлээх үүрэг.

-Гадаад болон дотоодын “Монгол судлаач” эрдэмтдийн тоог нэмэх, тэдгээрийн судалгааны сэдвүүдийг улам өргөн хүрээнд хамруулах, үүгээр дамжуулан “Монгол судлал”-ын хөгжлийг шинэ шатанд гаргаж ирэхийн тулд эрдэм мэдлэгээ зориулж яваа эрдэмтэн багш Д.Заяабаатар бидний дунд ийм яриа өрнөсөн юм. Монголч эрдэмтдийг мянга, мянгаар нь “төрүүлж”, “Монгол судлал”-ыг дэлхийд тодоор “тамгалах” зорилготой түүний эрдмийн нөр их ажилд амжилт хүсье.

Ярилцсан: С.Өлзийбаяр

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бираа шиг далайцтай (144.138.241.204) 2018 оны 03 сарын 23

80-2000онд Мнгл судлал овоо байв. Одоо ахмад судлаачид нь хөгшрөөд мажиигаад, залуус нь маний тарыг таниад Мнг судлал дэлхий даяар хумигдаж буй.тухайн үед кап орнууд соц мнглыг судлах хөрөнгө гаргадаг байв. Одоо цахимаар бүгдийг авч байхад ...МУ хяагдсан. Бираа гуайг эд шахаж гаргаад түүнээс хойш будаа болж байхад худал сүгсэлзжээ..Ганц мнгл хэл, зохиол бус өргөн далайцтай яриач.

0  |  0
Заяабаатарт(202.70.43.138) 2018 оны 03 сарын 22

Монгол судлал гэдэг маань зөвхөн монгол хэл уран зохиол судлал биш шүү дээ.Энэ асуудалдаа иж бүрнээр нь хандаж эхлэх болоогүй юү? Өөрийнхөө сонирхдог хүрээнд асуудлыг явцууруулж байх нь эрдэмтэн хүнд хамгийн харш зүйл биз дээ.

0  |  0
Top