Доктор, профессор Ж.Батхүү: Айлаас эрэхээр авдраа уудал

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

МУИС-ийн биоорганик хими-Фармакогнозын лаборатори, Ургамлын биотехнологийн лабораториор зочлон, профессор Ж.Батхүүг "Мэдлэг" буландаа урьж сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Тэрбээр МУИС-иа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий, академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулж, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаач юм.

-Мэдлэг гэж юуг хэлэх вэ? Таны бодол?

-МУИС 1942 онд байгуулагдсан цагаасаа эхлэн хүн төрөлхтний бий болгосон асар их мэдлэгийн сангаас аль хэрэгтэйг нь шүүрдэн авч, Монголын нийгэмд түгээх, нутагшуулах төдийгүй шинэ мэдлэг бүтээх үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр ирсэн билээ. Сүүлийн үед мэдлэгийн эдийн засаг, түүнд их сургуулийн гүйцэтгэх үүрэг нэн чухал болох тухай ихээхэн яригдах боллоо. МУИС ч цаг үеийн шаардлагатай уялдуулан судалгааны ажил хийх, шинэ мэдлэг бүтээх, түүнээ нийгэм, эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар улс орныхоо хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. Дэлхийн томоохон компаниудын үнэлгээнд байшин, тоног төхөөрөмж мэтийн биет хөрөнгийн эзлэх хувь бага, технологи, оюуны өмчийн эзлэх хувь өндөр (70-80%) болсоор байна. Миний хувьд мэдлэг гэдгийг толгойн дотор байдаг, цэц булаацалдах үед л хэрэг болдог зүйл гэхээсээ илүүтэй, өөрийн улс орон, хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудлыг шийдэхэд нь өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж чадах, амьдралд хэрэг болохуйц зүйл гэдэг талаас нь хардаг. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт, бууралт, ганц зах зээлээс хамааралтай, үе үе хямралд өртдөг манай орны хувьд ийм амьд, шинэ мэдлэг бүтээх явдал юу юунаас чухал байна. Монгол орны өвөрмөц онцлог бүхий, сайн чанарын түүхий эд дээрээ судалгаа хийж, мэдлэг, өртөг, технологи шингэсэн дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох аваас манай орны эдийн засаг тогтворжих нь гарцаагүй. МУИС ямагт цаг үеэ мэдэрч, Монголын нийгмийн түүчээ нь байсаар ирсэн бөгөөд энэ удаа мэдлэг, технологи шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг бий болгох замаар улс орныхоо эдийн засгийг баттай тогтворжуулахад өөрийн хувь нэмрээ оруулах үүрэг, даалгавар бидний өмнө тавигдаж байна гэж би хувьдаа үздэг.

-Та бүхний хийж буй судалгааны ажлын бусдаас ялгарах онцлог гэвэл?

-Бидний хийж буй судалгааны ажлын гол зарчим бол “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг ардын маань сургаал үг. Энэ үг ямар үнэн болохыг манай орон зах зээлд шилжин орсноос хойших 30 шахам жилийн түүх бидэнд бэлхнээ харуулж байна. Монгол орны эдийн засгийн тулгуур салбар нь 5000 жилийн түүхтэй, уламжлалт нүүдлийн мал аж ахуй байсаар ирсэн. Гэтэл түүнээ орхиж, гаднын хөрөнгө, технологи цутган орж ирээд Монгол орныг нүд ирмэхийн зуур “диваажин” болгочих мэтээр уул уурхай руу хошуурсан билээ. Эцэст нь уул уурхайн баялгаас эзэн нь болох монголчууд биш, хөрөнгө оруулагч нэртэй оффшорчид, тэдний гар хөл бологч цөөн олигархи баяжин, онгон дагшин байгаль, малын бэлчээр сүйдэж, эдийн засаг нь үе үе хямралд өртөх болов. Энэ дэлхий дээр өндөр технологи олон ч түүнийг Монголд нутагшуулах нь, магадгүй монгол шинэ технологийг хөрөнгө, хүч, цаг хугацаа заран бойжуулахаас ч илүү хэцүү гэж би боддог. Технологи гэдэг бол түүнийг боловсруулах явцад оролцож бас хамт бойжсон боловсон хүчинтэйгээ цуг байж гэмээнэ амьд болдог. Бид гадныханд найдах биш, байгаа зүйлээ л тордохоос өөр сонголт байхгүй гэдгийг арайхийн ухаарч байгаа нь сайшаалтай. Үүний тод жишээ нь, Монгол Улсын Их хурлаас 2016 оны 9-р сарын 9-ний өдөр баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45-р тогтоол юм. Энэ тогтоолын хавсралтанд “21:100”, “Монгол мал”, “Монгол малчин”, “Малжуулах”, “Мах, сүүний анхдугаар аян” зэрэг уламжлалт мал аж ахуйдаа тулгуурлан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа тогтворжуулах хөтөлбөрүүдийг тусгасан нь тун олзуурхууштай. Бидний судлах зүйл бол гадны судлаачдыг дуурайх, тэдэнтэй ижил судалгаа хийж өрсөлдөх биш, харин Монгол орны байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд зохицон амьдарч ирсэн өвөрмөц онцлог бүхий биологийн (ургамал, амьтан, микроорганизм) нөөц, уламжлалт мэдлэг хоёртоо л тулгуурлах явдал юм.

“Монгол орны өвөрмөц онцлог бүхий, сайн чанарын түүхий эд дээрээ судалгаа хийж, мэдлэг, өртөг, технологи шингэсэн дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох аваас манай орны эдийн засаг тогтворжих нь гарцаагүй”

-Бидний өвөг дээдсийн бий болгож үлдээсэн уламжлалт мэдлэгийг нарийн судалбал сонирхолтой үр дүн их гарах байх даа?

-Тэгэлгүй яахав. Монголчууд байгаль дэлхийтэйгээ гайхалтай зохицон амьдарч ирсэн ард түмэн. Монголчууд залхуудаа ч юм уу, эсвэл эрх дураараа байх дуртайдаа ч юм уу нүүдлийн мал аж ахуйг эрхлээгүй. Энэ байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй манай нутагт үүнээс өөр аж ахуй эрхлэх боломж, сонголт байгаагүй гэж би боддог. Монгол хүн маш ажигч гярхай, аливаа зүйлд хурдан дасан зохицох чадвар сайтай. Тэгэхгүй бол амьдарч чадахгүй. Яагаад вэ гэвэл, хамгийн наад захын жишээ нь, өглөө босож тэнгэрээ хараад малчин хүн өнөөдөр малаа хааш нь бэлчээхээ шийднэ, тэнгэр муудах шинжтэй бол уул, толгодын нөмөр, бас гэрт ойр газар, налгар сайхан өдөр болох шинжтэй бол тал цагаан, алсын бэлчээрт гаргах гэх мэт. Байгаль цаг уурын өөрчлөлт, малаа байнга ажиглаж, түүндээ тохирсон арга хэмжээг цаг тухайд нь авч байхгүй бол амьдрал нь болдоггүй. Ийм л онцлогтой ард түмэн чинь бас онцлогтой уламжлалт мэдлэгийг бий болгон бидэнд өвлүүлсэн байж таарнаа даа. Олон мянган жилийн туршид таван хошуу малаа адгуулан хариулах явцдаа ямар улиралд ямар мал ямар ургамлыг амтархан иддэг, тэр нь тухайн малдаа ямар нөлөөтэй, ямар ургамал идэхээрээ ядарч сульдсан мал нь амархан тэнхэрдэг, ямар ургамал идэхээрээ хээл хаядаг, ямар ургамал идэхээрээ тарга тэвээрэг авдаг, ямар ургамал идэхээрээ хорддог гэх мэтийг малчин монголчууд сайн мэддэг байжээ. Бидний судалж эхлээд буй Яргуй (Pulsatilla species) нь тийм бэлчээрийн зэрлэг ургамлын нэг юм. Өвлийн турш бэлчээрт хагд болон борог өвсөөр тэжээл хийж, өвөл, хаврын хатуу хахир цаг хугацааг даван туулахдаа ядарч туйлдсан хонь, ямаа нь хавар хамгийн эрт цэцэглэх яргуйг амтархан идэж, амархан тэнхэрч, тарга хүч авдгийг манай малчид эрт дээр үеэс мэддэг байсан. Яргуйнд сайн цадсан малын элэг цайж, тэвээрдэг аж. Өвлийн хонь, ямааны элэг хүрэн өнгөтэй, агшуун, хатуувтар, амт муутай, аргуун байдаг бол яргуйнд цадсаны дараа элэг нь цайвар өнгөтэй, уян хатан байдалтай болж зөөлөрсөн, хөөнгө том, амт сайтай болно. Үүнийг “элэг цайна” гэж манай ардууд хэлдэг. Хонь, ямаа яргуй идэж эхэлснээс хойш цөөхөн хоногийн дотор сүү шим сайн орж, хурга, ишигний өнгө засарч эхэлнэ. Монголчуудын дунд хаврын ядаргаанд яргуй идсэн ямааны цус сайн гэх ойлголт өргөн байдаг тул яргуй идсэн ямаа гаргаж, шинэ шөл уух явдал одоо ч түгээмэл хэвээр байна.

-Яргуйнд хэдэн төрлийн бодис байдаг вэ?

-Бид яргуйнд агуулагдаж байгаа ямар бодисууд нь түүнийг идсэн ямааны цусанд шимэгдэн орж ирж байгаа, тэдгээр нь ямар үйлдэл үзүүлдэг болох, мөн яргуй идэх явц дахь ямааны элгэнд явагдах бүтэц зүйн өөрчлөлтийг гистологийн судалгаар тогтоох зорилго тавьж байгаа болно. Судалгааны үр дүнд Шар (Pulsatilla flavescens) болон Цэнхэр яргуй (Pulsatilla bungeana)-наас 20 нэгдэл ялган авч химийн бүтцийг нь тогтоогоод байна. Хавар цаг нь малын шимэгч шавьжууд мөн амилж эхэлдэг цаг бөгөөд тэдгээрээр дамжин халдварладаг зарим өвчин үүсгэгч эгэл биетэн болох Babesia caballi, Theileria equi-ийн эсрэг Яргуйнаас ялган авсан дээрхи 20 нэгдлийн идэвхийг шалгахад ихэнхи нэгдэл нь сул ч гэсэн тэдгээрийг дарангуйлах идэвх үзүүлж байлаа. Ийнхүү Монголчуудын малаа даган хариулж явахдаа ажиглаж олж авсан уламжлалт мэдлэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй нь нотлогдох аваас Яргуйг малын тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн (хүнийхээр бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн) болгон хэрэглэх, яргуй идсэн малын мах, сүүний үнэ цэнэ нэмэгдэх, зорилтот зах зээлд өндөр үнэтэй гарах зэргээр эдийн засагт ч ач тусаа өгөх бизээ.

-Судлаач хүний нүдээр харахад Монгол орны нүүдлийн мал аж ахуйн давуу тал нь юу вэ?

-Монгол орны бэлчээрт 128 овгийн 564 төрлийн 2832 зүйл ургамал ургадаг. Эдгээрээс эхлээд 600 гаруй, хожим 1250 орчим зүйл ургамлыг нь мал иддэг болохыг тэмдэглэсэн байдаг. Эдгээрийн дотор олон тооны эмийн ургамал бий. Таван хошуу мал нь тааваараа бэлчиж, дуртай ургамлаа сонгон идэж байдаг Монгол нутгийн бэлчээр нь асар их хөрөнгө мөнгө зараад ч байгуулж чадахгүй, зохиомол биш, амьд туршилтын талбар юм. Зөвхөн Яргуй төдийгүй мал идэж буй өөр бусад ургамлууд дээр ч судалгааг үргэлжлүүлэн хийвэл маш сонирхолтой үр дүн гарна гэдэгт итгэж байна. Зохиомол бус, ийм амьд судалгааны талбар маш ховор шүү дээ.

“Таван хошуу мал нь тааваараа бэлчиж, дуртай ургамлаа сонгон идэж байдаг Монгол нутгийн бэлчээр нь асар их хөрөнгө мөнгө зараад ч байгуулж чадахгүй, зохиомол биш, амьд туршилтын талбар юм”

-Харин малын өвчлөлийн тухайд гэвэл?

-Малын боом, шүлхий гээд байгалийн өвчин Монголд үе үе гардаг ч энэ бол малын өвчин судлаач хүний хувьд маш үнэтэй, сонирхолтой зүйл юм. Яагаад вэ? гэвэл, эдгээр өвчлөлийг устгасан гэж яригдаад байгаа өндөр хөгжилтэй орнуудад, жишээ нь, Америкт боомын нян дээр туршилт хийнэ гэвэл, тэр нян нь байгалийнх биш, аль эрт хаа нэгтээ газраас олж илрүүлэн ялгаад, он удаан жил хадгалсан, тэр явцад хувиралд орж өөрийн унаган төрхөө алдсан нян байна. Нөгөө талаас, алан хядах ажиллагаатай холбоотой тул боомын нян дээр туршилт хийх нөхцөл бүрдүүлэх, зөвшөөрөл авахад асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардах тул бараг боломжгүй болно. Үүний оронд шаардлагатай зардлыг нь гаргаад боом өвчин гарсан үед Монголд ирээд судалгаа хийх саналыг гадны эрдэмтдэд тавибал тэд дуртайяа хүлээн авах байх. Боомын нян байгаль дээр хөрсөнд байж л байдаг, харин түүнийг нь монгол мал бэлчээрт явж байхдаа олоод өвчилдөг. Өндөр хөгжилтэй оронд мал нь хашаанд байдаг, байгальд бэлчээрлэдэггүй учраас боом гардаггүй болохоос, боомын нянг бүрэн устгачихсан гэсэн үг биш юм. Монголд уул уурхай их эрхэлж, бэлчээрийг сэндийчиж онгичсоноос хөрсөнд тайван байсан нян ил гарч, боомын өвчлөл өсөж байгаа тухай ч судлаачдын хийсэн дүгнэлт байдаг.

-Бэлчээрийн малын хамгийн гол онцлог нь юунд байдаг вэ?

-Бэлчээрийн мал өвөл нь эцэж турж, хавар нь шинэ ногоо идэж тэнхэрч, зун нь тарга хүчээ авч, намар нь тарга хүч нь тогтдог энэ амьдралын цикл нь судлаачдад сонирхолтой байж таарна. Ер нь бэлчээрийн Монгол малын үс, ноос, хөөвөр, өөх, магадгүй мах нь жилд нэг удаа шинэчлэгдэж байдгийг бид мэднэ шүү дээ. Хахир өвлийг арай ядан давсан Монгол малд ноднин жилийн хуршсан өөх тос байхгүй, өнөө жилийн шинэ өөх тос байдаг шүү дээ, ийм малын өөх тосыг суурин малынхтай адилтган идвэл таргалдаг, биенд муу гэж ярих нь хэр үндэслэлтэйд би эргэлздэг. Дээр нь бэлчээрийн малын шинэ өөх их хүчтэй, хүн төдийлөн идэж чадахгүй, харин элдэв зүйлээр амталж боловсруулсан өөхийг хүн хэмжээгээ мэдэхгүй иддэг. Монгол мал зөвхөн өөрт хэрэгтэй олон зүйл ургамлыг өөрөө сонгон иддэг, ийм малын мах, сүү үнэтэй байхаас өөр аргагүй.

-Судлаач хүний ажлыг ер нь юугаар үнэлдэг вэ? Таны хийж буй судалгааны ажлын үр дүнгээс үйлдвэрлэлд нэвтрүүлсэн зүйл бий юу?

-Ер нь судлаачийн ажлыг хэвлүүлсэн өгүүлэл, авсан оюуны өмч, хэрэгжүүлж буй судалгааны төсөл, хөтөлбөрийн мөнгөн дүн зэрэг хуруу дарам цөөхөн бодит үзүүлэлтээр л хэмждэг. Манайх шиг элдэв цол хэргэм, шагнал, албан тушаалаар огт үнэлдэггүй. Тамирчин хүн Олимпийн дэвжээн дээр амжилт гаргаж, дэлхийд танигдахын төлөө байдаг бол судлаач хүн олон улсын түвшинд бүтээлээ хэвлүүлж, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө байдаг. Бид судалгааны ажлын үр дүнгээрээ МУИС-ийн нэр дээр 2 патент авсан бөгөөд аль аль нь бүтээгдэхүүн болж зах зээлд гараад байна. Түүний нэг нь “Монос” эм судлалын хүрээлэнтэй хамтран хөгжүүлэлтийг нь хийсэн “100 наслаарай” цай юм. Энэ цайны найрлаганд бидний судалгааны үр дүнд антиоксидант идэвх өндөртэй нь тогтоогдсон Хөвөн оройт, Сөөгөн боролзгоно, Аньс гэсэн 3 ургамал орж байгаа.

-Антиоксидант гэдгийг илүү тодруулбал?

-Антиоксидант үйлчлэл гэдэг нь энгийнээр ярих юм бол бодисын солилцооны явцад хүний биед үүссэн, эсвэл агаарын бохирдол, эрүүл бус хоол хүнсээр дамжин хүний биед орж ирсэн зэрэг урвалын өндөр идэвхтэй хортой нэгдлүүдийг саармагжуулж, биеэс гадагшлуулах, хөгшрөлтийн эсрэг идэвх юм. Малчин монголчууд ч эдгээр ургамлыг хэрэглэж байсан уламжлалтай. Жишээ нь, манай нутагт Боролзгоно түүж хатаагаад навч, цэцгийг нь нунтаглан цайндаа хийж, үлдсэн ишээр нь тогооны угаалтуур хийж хэрэглэдэг. Ийм л мундаг зөв, эрүүл, уламжлалт хэрэглээ байсан байна шүү дээ. Гэтэл бид ийм сайхан уламжлалаа орхиод элдэв хольцтой таримал цай, нийлэг тогооны угаалтуур хэрэглэж байна. “100 наслаарай” цайны патентаа “Монос” хүнс компанид лицензийн гэрээгээр эзэмшүүлж, тэндээсээ МУИС рояалти ашиг хүртэж байгаа. Нөгөө нэг бүтээгдэхүүн нь батга эмчлэх “Phyto-acne” түрхлэг юм. Бидний судалгааны үр дүнд Залесовын зэдгэлж ургамал нь бактерийн эсрэг, ялангуяа, батга үүсгэгч бичил биетний эсрэг өндөр идэвх үзүүлж байгаа нь тогтоогдсон. Уг ургамлын хандыг ашиглан хийсэн энэ бүтээгдхүүнийг МУИС-ийн дэргэд байгуулсан “Эм Би Пи Лаб” гарааны компанид үйлдвэрлэж худалдаанд гаргахад бэлэн болгоод байна.

-Монгол орон эдийн засгийн хямралтай байна гээд байгаа. Тэгвэл энэ хямралаас гарахын тулд бидэнд хамгийн түрүүнд юу тус болох бол?

-Би эдийн засагч биш хэдий ч энэ хямралын гол шалтгаан нь манай оронд үндэсний үйлдвэрлэл байхгүйтэй шууд холбоотой гэж үздэг. Үндэсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлэхгүй бол эдийн засаг хэзээ ч тогтворжихгүй. Бид бусад орны түүхий эдийн бааз биш, харин түүндээ аль болох гүн боловсруулалт хийж, мэдлэг, технологи, өртөг шингэсэн, сайн чанарын эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг орон болох ёстой. Импортыг орлох, мэдлэг, технологи шингэсэн бүтээгдэхүүн яаж бий болдог вэ? гэвэл судалгаа, боловсруулалтын (Research and Development) ажлын үр дүнд л бий болно. Том компаниуд өөрсдөө дэргэдээ судалгааны нэгж, хүрээлэнтэй байдаг ч гэсэн заримдаа их сургуультай хамтарсан судалгаа, боловсруулалтын ажлыг хийж, судалгааны дэд бүтэц, хүний нөөцөө харилцан үр ашигтай зарцуулдаг жишиг олон улсад нэгэнт тогтсон байдаг. Монгол Улсын Их сургууль дээр нэгэнт бүрэлдэн бий болсон судалгааны орчныг манай жижиг, дунд бизнес эрхлэгчид сайтар ашиглаж, өөрийн бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалтын ажлаа хийвэл илүү үр дүнд хүрнэ гэж бодож байна.

-Манай улсад хамгийн тохиромжтой үйлдвэрлэл юу байж болох вэ?

-Монгол бол угаасаа л мал аж ахуйн орон. Бидэнд бэлчээрийн 60 сая мал байна. Өвөл, зун байтугай, өдөр, шөнийн хоорондох температурын огцом өөрчлөлт, ган, нарны хурц гэрэл, давсархаг орчин зэрэг орчны таагүй нөхцөлийг тэсвэрлэж чадаж байгаа байгалийн зэрлэг ургамал, микроорганизм бол бас бидний өвөрмөц нөхөн сэргээгдэх нөөц юм. Монгол орны хатуу ширүүн нөхцөлд дасан зохицоод амьдарч буй бэлчээрийн мал, ургамал, микроорганизм зэрэгт улсын бодлогоор судалгаагаа төвлөрүүлж, тэдгээрийн бусад орны ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарах онцлогийг химийн найрлага, генийн түвшинд тогтоож чадвал маш чухал үйлдвэрлэл болно. Монгол орон таримал, зохиомол, массын буюу их хэмжээний үйлдвэрлэлээр биш, харин хязгаарлагдмал, бага ч гэсэн бэлчээрийн мал, зэрлэг ургамал, жимс, жимсгэнэ зэрэг байгалийн биологийн нөөцөөрөө л дэлхийд өрсөлдөж чадна. Монгол орон 3-хан сая хүн амтай, их хэмжээний үйлдвэрлэл явуулах шаардлага байхгүй нь бидний бас нэг давуу тал юм.

-Орчин үеийн судалгааны чиг хандлага ямар болж байна вэ?

-Орчин үеийн судалгаа шинжлэх ухааны нарийн нэг чиглэл, салбарыг биш, олон салбарыг хамарсан, дамнасан цогц шинжтэй болж ирж байна. Энэ нь ч аргагүй юм. Учир нь байгаль, нийгмийн бүх үзэгдэл угаасаа өөр хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг. Хуучин судалгааны, шинжлэх ухааны дифференциац явагдаж ирсэн бол одоо интеграци явж байна. Ингэхгүйгээр бид олигтой судалгааны үр дүн гаргаж, томоохон дүгнэлт хийж чадахгүй. Бид нэг ургамлаас бактерийн эсрэг идэвхтэй бодис гарган авчээ гэж бодвол тухайн бодис хүнд ямар хэрэгтэй вэ? гэхээсээ илүүтэй тэр ургамалдаа ямар үүрэг гүйцэтгэж байна, уг бодисыг ургамал нь үйлдвэрлэж байна уу, эсвэл уг ургамал дотор ч юмуу, үндэс орчмын хөрсөнд нь амьдарч байгаа микроорганизм үйлдвэрлэж байна уу, хэрэв тийм бол тэр ургамал, микроорганизм хоёрын хоорондын харилцан хамаарал нь юу болохыг тогтоох асуудал илүү чухал юм. Учир нь, уг бактерийн эсрэг идэвхтэй нэгдлийг тухайн ургамал юмуу микроорганизм өөрт нь хэрэгтэй болоод л нийлэгжүүлж байгаа болохоос хүнд зориулж үйлдвэрлээгүй нь лавтай. Тухайн биет, түүнд агуулагдах нэгдлүүд нь хорвоо ертөнцийн бусад юмс үзэгдэлтэй хэрхэн холбогдож байгааг цогцоор нь авч үзэж чадвал, тийм судалгааны үр дүнг хүн аандаа хүртэх боломж нь нээгдэнэ. Түүнээс биш, хорвоо дэлхийн бүх юм ганцхан хүнд зориулагдсан мэтээр аашлах нь зохисгүй юм.

-Манай мал аж ахуйн үйлдвэрлэлд юуг анхаарах шаардлагатай бол, таны бодлоор?

-Гуравхан сая хүн амтай манай оронд өдөрт 20-30 литр сүү гардаг үнээ ямар хэрэгтэй гэж. Монгол үнээнээс гардаг 2-3 литр сүүгээ сайн менежмент хийж чадвал тэр 30 литр сүүнээс ч ашигтайгаар зарах боломж байгаа гэж би боддог. Учир нь, 20- 30 л сүү гардаг үнээ бүхий фермер, түүний сүү хорвоогоор дүүрэн байна. Их хэмжээний сүү саанаа гэдэг бол тэр хэмжээний тэжээл иднэ, тэр тэжээл нь байгалийн хадлан биш, тарималжуулсан, бордоо, пестицид, гербицид, даавар мэтийн янз бүрийн бодис нэмж, боловсруулалт хийсэн байж таарна. Аль ч өндөр хөгжилтэй, баян гэгддэг оронд дэлгүүрийн лангуугаар дүүрэн ийм сүү байна. Харин манай бэлчээрийн малын сүү шиг органик, цэвэр сүүний үйлдвэрлэл хязгаартай. Манай малын мах ч ялгаагүй. Байгаль дээр ургаж буй 3000 гаруй зүйлийн ургамлаас 1200 гаруйг нь өөрсдөө шилж сонгон идэж байгаа малын мах ямархуу чанартай байх нь хэнд ч ойлгомжтой. Харин бидэнд судалгаа, шинжилгээний үндсэн дээр энэ онцлогоо нотлох, малынхаа эрүүл мэндийг хянаж чадаж байсан хуучин тогтолцоогоо сэргээх явдал нэн шаардлагатай байна. Монгол адууны хавирганы өөхийг шахаж гарган авсан тосны найрлаганд судалгаа хийхэд түүн дотор олны дунд Омега-3 хэмээн нэрлэгддэг, үл орлогдох ханаагүй тосны хүчил болох линолений хүчил 18 хувь байна. Байгаль эх хэн нэгэнд илүү зүйл өгөөд бидэнд дутуу зүйл заяагаагүй юм. Далайн орны хүмүүс энэ хүчлийг загасны тосыг хоол хүнсэндээ хэрэглэх замаар авдаг бол монголчууд бид адууны өөхнөөсөө авдаг байжээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлд миний санаа зовж явдаг өөр нэг зүйл бол малын тоо толгой хэт өсөж, бэлчээрийн даац илэрхий хэтэрсэн, сүргийн бүтэц алдагдсан явдал. Социализмын үеийнх шиг 25-30 сая мал байхад л бидэнд хангалттай. Миний хувьд ургамлын дээж авах, үр цуглуулах судалгааны ажлаар хөдөө орон нутгаар их явдаг. Мал нь бэлчээртээ багтахгүй байна, ургамалд үрээ хаях байтугай, цухуйх ч боломжийг өгөхгүй мал нь тэр дор нь мөлжин идэж байна. Хэдэн жилийн дараа шарилж, луулиас өөр ургамалгүй бэлчээртэй болчихвол тийм малын мах, сүүг авах гадаад байтугай, монгол хүн ч олдохгүй болох бодит аюул нүүрлэж байна.

-Хүн эрүүл амьдрахад ямар хүчин зүйлс хамгийн чухал вэ?

-Хүний бие бол машинаар зүйрлэх юм бол тийм ч амархан эвдрээд, үргэлж ноцолдуулж, засуулаад байдаг хэврэг, чанаргүй эд биш юм. Машинаас ялгаатай нь, хаа нэгтэй нь жаахан гэмтэл гарлаа гэхэд түүнээ засах механизм нь бас ажиллаж эхэлдэг энэ хорвоогийн хамгийн төгс бүтээгдэхүүн юм. Жишээ нь, та гараа жаахан шалбалчихлаа гэхэд эрүүл хүний цус бол аандаа бүлэгнээд гоожихоо болино. Харин машины моторын тос юмуу радиаторын ус гоожлоо гэхэд хүнийх шиг тэр гэмтлийг өөрөө засах механизм байхгүй.

-Хүн эрүүл явахад олон зүйл хэрэггүй. Эрүүл хүнс, цэвэр агаар, идэвхтэй хөдөлгөөн л хэрэгтэй.

-Малчин монголчуудад энэ бүгд хангалттай байсан. Монгол хүн хэзээ ч хөдөлгөөний дутагдалд орж байсангүй. Нэр төрөл нь цөөн ч өрхийн үйлдвэрлэлийн эрүүл хүнс хэрэглэж, цэвэр агаарт амьдарч ирсэн. Одоо бол амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнс нь ихээхэн бохирдолтой, дээр нь хөдөлгөөний дутагдал их байна. Энэ бүгдээс болж, сүүлийн үед янз бүрийн өвчлөл нэмэгдэж байгааг бид бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Хөдөөгийн малчид хүртэл явган явах байтугай, морио ч унахаа больж, машин, мотоцикл хөлөглөн давхих нь дэвшил хөгжил биш, эмгэнэл юм. Энэ бүгдийг төрийн бодлогоор зохицуулах болохоос зах зээл зохицуулчихдаг зүйл биш гэдгийг бид хэзээ ухаарах юм бол доо.

-Социализмын үед газар тариалан эрхэлдэг Сангийн аж ахуй цөөхөн, харин мал аж ахуйн нэгдэл олон байсан. Энэ нь ямар нэгэн учир шалтгаантай байж дээ?

-Тэгэлгүй яахав. Би дээр манай орны байгаль цаг уурын нөхцөлд таарах аж ахуй нь нүүдлийн мал ахуй л байсан гэж хэллээ. Хуурай, хүчтэй салхи шуургатай манай нөхцөлд газар хагалж, тариалан эрхлэх нь тийм ч тохиромжтой биш. Би Төв аймгийн Архуст сумын нутаг Бөөрөлжүүтийн талд эмийн ургамал тарималжуулах туршилт явуулах зорилгоор 40 га газар эзэмшдэг юм. Хавар хүчтэй салхитай өдөр тэр талд очоод ажиглах юм бол хагалсан, хагалаагүй газар гэдгийг холоос хараад л мэдэж болдог. Учир нь хагалсан талбайн хөрс хийсэж, тэнгэрт тулсан тоос болон харагдаж байхад, хажууд нь байгаа мал бэлчиж буй олон жил хагалаагүй атаршсан талбайгаас тоос босдоггүй. Бидний өвөг дээдэс чадахгүйдээ газар тариалан эрхлээгүй биш юм, харин байгаль дэлхийнхээ зан араншинг дэндүү мэддэг байсан учраас түүндээ тохируулан нүүдлийн мал аж ахуйг эрхэлсээр иржээ. Монголд их хэмжээний газар хагалж, тариалалт хийгээд хэрэггүй. Их хэмжээний үйлдвэрлэл явуулбал тэр хэмжээгээр хөрсний үржил шим буурна, хүссэн хүсээгүй бордоо, пестицид, гербицид хэрэглэнэ. Тийм бүтээгдэхүүнээр бид дэлхийд өрсөлдөнө гэвэл үлгэр юм. Улаан буудай, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц хэмжээнд л тариалалт явуулах нь зохимжтой. Атрын 1-р аяны алдаа оноогоо дүгнээгүй байж, 2, 3-р аян гэж өрнүүлсэн нь маш том алдаа байсан.

-Манай мал гадны малаас юугаараа ялгаатай бол?

-Монголын бэлчээрийн мал маань үндсэндээ зэрлэг өвөгтэйгээ адилхан шүү дээ. Хонь, ямаа нь шөнө хотондоо ирж хонодог л болохоос ууланд буй тэдний өвөг болох аргал, янгиртай бараг адилхан шахуу л тааваараа бэлчин, адилхан шахуу л өвс, ургамал идэж байгаа. Адуу, тэмээ нь гаршуулсан л болохоос холын хөлийн амьтан тул гэрийн ойр байхгүй, зэрлэг өвөг болох тахь, хавтгайтай бэлчээр, идэш тэжээл нь бараг адил. Зэрлэг өвгөөсөө ялгаатай нь жаахан гаршуулаад, догшин бус болгосонд л байгаа юм. Гадны улс орны мал гэхэд асар их стресстэй байдаг. Тэднийг бөгс эргэх ч зайгүй эрх чөлөөгүй орчинд байлган, хиймэл дарш тэжээлээр хооллож байгаа нь онгон зэрлэг байгальдаа идээшилж яваа Монгол малын хувьд бол бараг л “шорон” гэсэн үг. Түүнийг нь манай зарим дарга сайд нар үзэж ирчихээд үгээ олохгүй магтаж, Монголд нэвтрүүлнэ гэх нь үнэндээ тэнэглэл юм. Жишээ нь, тийм мал стресст ороод хээл авахаа байчихсан байдаг. Гэтэл манай мал бол хэний ч оролцоогүйгээр дур зоргоороо хээлтүүлгэнд ороод хээл авч, жилдээ нэг удаа төрчихдөг шүү дээ. Ийм малын мах гадны малын махнаас ялгаатай байлгүй яахав. Харин тэр ялгааг бид найрлагыг нь нарийн тогтоох судалгааны үндсэн дээр гаргаж нотлох л шаардлагатай.

-Ургамлын хувьд бас ялгаа их биз?

-Мэдээж ялгаатай. Бид олон жил гадны хүмүүс, тэр дундаа япончуудтай эмийн ургамлын тархац, нөөц, химийн найрлага, чанарын судалгааг хийж байна. Манай байгаль дээр зөнгөөрөө ургаж байгаа чихэр өвс, зээргэнэ, дэрэвгэр жиргэрүү, хунчир зэрэг ургамлыг Хятад болон Японд тарималжуулж байгаатай нь харьцуулан ажиглалт хийдэг, судалгаа явуулдаг. Хятад, Япон, Солонгос зэрэг оронд эдгээр ургамлыг маш их хэмжээгээр тарималжуулж байна. Мэдээж амжилттай тарималжуулж, их ургац авч чадаж байгаа. Гэвч байгаль дээр зэрлэгээр ургаж буйд хүрч эрүүл, чанартай байж чадахгүй байгааг тэд хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь, Мэнэнгийн талд зэрлэгээр ургаж буй Чихэр өвсний газрын дээд хэсэг нь биш, үр нь холоос бараантан харагдаж нүдэнд тусдаг. Харин Японд тариалж буй Чихэр өвсний хувьд газрын дээд хэсэг нь өндөр том болоод байдаг болохоос биш, Монголынх шиг үр нь сайн суудаггүй гэнэ. Учир нь, талбайгаа хагалж, аль болох зөвхөн Чихэр өвс нь ургахаар бордоо, гербицидээр боловсруулдаг, шаардлагатай бол мэдээж пестицид, инсектицид цацдаг тул шавьж, зөгий ирж тоос хүртээхээ больдог учраас үр нь сайн сууж боловсордоггүй аж. Дэрэвгэр жиргэрүү ургамлын хувьд ч ялгаагүй, Хятадад Дэрэвгэр жиргэрүү тарималжуулж чадахгүйдээ, эсвэл тэнд хомсдол үүсчээд манай байгалийн зэрлэг Дэрэвгэр жиргэрүүг аваад байгаа юм биш. Хятадад асар их хэмжээгээр тариалж, асар их хэмжээний ургац авч байгаа. Гагцхүү байгаль дээр зэрлэгээр ургаж буй, чанартай Дэрэвгэр жиргэрүү л байхгүй, олдохгүй учраас л манайхаас өндөр үнээр аваад байгаа юм. Тэд Халх голын хагалж боловсруулсан тариалангийн талбайд тарьсан биш, зөнгөөрөө үр нь хийсэж ирээд ургачихсан Дэрэвгэр жиргэрүүг ч авдаггүй, зөвхөн хүний гар хүрээгүй эрүүл газар байгальд зэрлэгээрээ ургасныг нь л авдаг. Таримал ургамал нь байгалийн зэрлэг ургамлаа чанарын хувьд гүйцдэггүй, дээр нь яаж хичээгээд ч янз бүрийн химийн бодисын үлдэгдэл илэрдэг тул эрүүл, органик биш болдог.

-Органик бүтээгдэхүүн ямар онцлогтой вэ?

-Япон улсад органик бүтээгдэхүүн гэж ямар бүтээгдэхүүнийг хэлэх вэ гэвэл, тухайн тариалангийн талбайдаа сүүлийн гурван жил бордоо, пестицид, гербицид, инсектицид зэрэг химийн бодис огт хэрэглээгүй, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад ч огт хэрэглээгүй бол органик бүтээгдэхүүн гэж үздэг. Үүнийг үйлдвэрлэгчийн эсвэл хэн нэгэн даргын уран гоё яриагаар бус, нарийн судалгаа, шинжилгээг үе үе газар дээр нь хийх шалгалтаар нотолдог. Таримал болон зэрлэг ургамал гадаад төрхөөрөө ч өөр хоорондоо ялгаатай болдог юм байна. Халх голд хагалсан тариалангийн талбайд ургаж буй Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь салаалсан, тийм гэх хэлбэргүй байдаг бол тариан талбайн захын хагалаагүй эрүүл хөрсөнд ургаж буй зэрлэг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь эгц доошоо явсан ганц, шулуун байдаг. Хүнээр ярих юм бол, таримал нь нэг хуруу илүү ч юм уу, гаднаас нь харахад гажигтай төрсөн хүнтэй л адил юм даа. Гаднаас нь харахад ийм ялгаатай юм чинь доторх найрлага нь мэдээж өөр байж таарнаа даа. Харин тэр ялгааг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч зарж байж хийх нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр нотлох ажлыг л улс бодлогоор хийх хэрэгтэй. Байгалийн ургамлыг хэн дуртай нь уралдан түүж, үнэ унаган уралдан зарах биш, улс нэг цонхны бодлого явуулах хэрэгтэй. Хуучны худалдаа бэлтгэлийн гайхалтай шалгарсан систем Монгол Улсад байсан, түүнээ сэргээхээс өөр арга байхгүй.

-Үндсэрхэг үзэл ер нь зохих хэмжээгээр байх хэрэгтэй биз? Та энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ?

-Энэ хорвоо даяарчлагдаж байна гээд бид үндэсний соёл, зан заншил, онцлогоо алдаж болохгүй. Миний хувьд үндсэрхэг үзлийг буруу зүйл гэж үздэггүй, аль ч ард түмэнд байдаг л зүйл. Монгол Улс дэлхий дээр ганцаараа байгаа биш болохоор хойд, урд хөрштэйгээ, цаашлаад дэлхийн бусад улс гүрнүүдтэй эв найртайгаар зэрэгцэн оршихоос өөр аргагүй. Харин том, жижиг гэлтгүй туурга тусгаар улс орон, ард түмнүүд бие биенээ хүндэтгэн харьцах учиртай. Монгол улсын эдийн засаг манай урд хөршөөс бараг бүрэн хамааралтай байна. Тусгаар тогтносон орон ийм байж болохгүй биз дээ. Ямар ч улс орон, тэр байтугай зэрлэг амьтан ч хүртэл бусдаас аль болох хараат биш байя гэж боддог, тэмүүлдэг зөн билэгтэй шүү дээ. Тийм байхад Далай ламын айлчлалаар шалтаглан өгөх зээлээ хойшлуулах, явж байсан яриа хэлэлцээрийг зогсоох, “Манай улсын эдийн засаг ганц орноос хамааралтай байна, ийм байж болохгүй, өөр орнуудтай ч худалдаа, наймаагаа хийе, хамтын ажиллагаагаа өргөжүүлье” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсний төлөө элдэв шалтаг тоочин нүүрсний экспортоо гацааж байгааг би хувьдаа доромжлол гэж боддог. Энэ нь нэг талаас бидэнд өөрийгөө болон урд хөршөө хэн болохыг үнэн зөвөөр нь мэдэж авах, урд хөршид найдах биш, өөрийн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстойг сануулж буй сайн хэрэг юм. Хятад улс хилээ хаачихвал баларна шүү гэх хүмүүс байдаг. Миний хувьд, хилээ хаачихвал харин ч бид ямар арчаагүй байдалд орсноо мэдэж авна, нүүрс, ноос, ноолуур,арьс ширээ түүхийгээр нь биш, аргагүйн эрхэнд дотооддоо боловсруулан, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхээс өөр аргагүй болно. Ингэж байж л бид жинхэнэ тусгаар улс болно. Цөөхөн хүн амтай, тэр нь өргөн уудам нутагтаа тархан суурьшиж байсан монголчуудын амиа аргацаасан амины аж ахуй л эдийн засгийн тусгаар тогтнолыг хангасаар ирсэн гэж би хувьдаа үздэг. Одоо ч бараг ийм л байна. Өөр ямар үйлдвэрлэл Монголд байна вэ? Өөрийн амьжиргааг залгуулаад, илүү гарсныгаа борлуулаад өөрөө өөрийгөө аваад явж чадаж байгаа ийм аж ахуйгаа амиа аргацаасан хэмээн ад үзэх нь үнэндээ тэнэглэл юм. Манай ард түмэн малаас гардаг түүхий эдээ боловсруулах өөрсдийн гэсэн уламжлалт технологитой. Одоо харин түүнийгээ жаахан боловсронгуй болгоод чимчихэд л гуравхан сая хүн амтай Монгол орон дутах зүйлгүй, элбэг хангалуун амьдрах бүрэн боломжтой юм.

“Манай ард түмэн малаас гардаг түүхий эдээ боловсруулах өөрсдийн гэсэн уламжлалт технологитой. Одоо харин түүнийгээ жаахан боловсронгуй болгоод чимчихэд л гуравхан сая хүн амтай Монгол орон дутах зүйлгүй, элбэг хангалуун амьдрах бүрэн боломжтой юм”

-Судалгаа шинжилгээ уйгагүй хийгээд байвал монголчуудын уламжлалт аж амьдралаас их юм гарч ирэх юм байна даа?

-Тэгэлгүй яахав. Аливаа технологи, соёл бол урт удаан хугацаанд боловсорч бүрэлдэн тогтдог. 5000 жил нүүдлийн мал аж ахуй эрхлэх явцдаа монголчууд асар их технологи боловсруулж, үнэт соёлын өвийг бүтээсэн нь гарцаагүй. Нэг жишээ хэлье. Юмны чанарыг муутгахгүйгээр хатаадаг хамгийн сайн арга нь хөлдөөн хатаах арга байдаг. Энгийн үгээр хэлэх юм бол хатаах зүйлээ шинэ дээр нь хөлдөөж, нарийн хэрчих юм уу нунтаглаад, дараа нь тэр чигт нь агаарыг нь соруулан вакум орчин үүсгэх замаар түүнд агуулагдах усыг нь ууршуулан хатаах арга юм. Гэвч энэ арга нь өртөг өндөр тул үйлдвэрлэлд тэр бүр хэрэглэгддэггүй. Харин Монголын байгаль, цаг уурын нөхцөл нь өөрөө хөлдөөн хатаах энэ аргыг хэрэглэх боломжийг бидэнд өгдөг. Монголчууд энэ аргаар махаа хатааж, борцолдог. Гадна оронд махыг халуун уураар үлээлгэн хатаах аргыг хэрэглэдэг тул чанар нь муудаж, хатуу хар юм болдог. Монголчуудын байгаль дээр уламжлалт аргаар хөлдөөн хатаасан борц л чанараа хадгалж, үнэ хүрэх болохоос биш, хаана ч хэрэглэдэг халуун уураар үлээлгэн хатааж их хэмжээгээр чанар муутай борц үйлдвэрлээд эхэлбэл бусдаас ялгарах онцлоггүй бүтээгдэхүүн болно. Монголчууд сүү, цагаан идээ боловсруулах маш гайхамшигт уламжлалт соёл, технологитой. Хуурай, халуун, хүйтний эрс хэлбэлзэлтэй манай орны цаг уурын нөхцөл нь бидэнд давуу талыг бас бий болгодгийг мартаж болохгүй. Зарим хүмүүс Монгол орон хүн амьдрахын аргагүй хатуу ширүүн нөхцөлтэй тул далайн оронд арал худалдаж аваад өвөлд нь очиж амьдраад байх тухай утопи зүйл ярьдаг. Монгол орныг тэгтлээ үзэн ядаж байгаа тийм хүмүүс нэгмөсөн Монголын иргэн байхаа болиод тэр далайн орондоо очоод амьдарсан нь дээр шүү дээ.

-Хүн дэргэдээ байгаа аз жаргалыг мэдэрдэггүй гэлцдэг. Бидний хандлага үүнтэй агаар нэг юм уу даа?

-Тийм юм даа. Хүн өөрийн дэргэд байгаа үнэт зүйлээ түүнээс холдож байж л мэдэрдэг, тэнэг амьтан шүү дээ. Аав, ээж чинь үргэлж хажууд байж, өдөр бүр сургамжаа айлддаг болохоор магадгүй чамд үглээ, яршигтай, төвөгтэй хүмүүс мэт санагдаж болох. Гэвч жаахан холдоод гэдэс чинь өлсөж, хөл чинь даараад ирэхийн цагт аав, ээж маань ямар үнэтэй хүмүүс вэ гэдгийг ухаарах болно. Үүнтэй нэгэн адилаар өөрийн орноосоо гарч, энэ хорвоогоор хэрэн явж, зовлон зүдгүүр амссан цагт л би чинь ямар азаар ийм орны иргэн болж төрсөн юм бэ гэж өөрийн эрхгүй бахархах болно. Монгол орон маань ямар сайхан амар амгалан, нам тайван юм бэ гэх мэт үнэ цэнэтэй зүйлээ гадаад оронд явахаараа монголчууд илүү ихээр мэдэрдэг гэж би боддог. Монголчууд маань гадагшаа их явж байгаа нь зөв юм. Тэд Монгол орныхоо үнэ цэнэтэй зүйлс төдийгүй, засаж залруулах зүйлсийг ч илүүтэй сайн олж харна, эргэж ирээд Монгол орноо хөгжүүлнэ.

-Лабораторийнхоо түүх, хамтын ажиллагааны талаар товч танилцуулна уу.

-Аливаа зүйл ор хоосноос бий болдоггүй, аль эсвэл байсан зүйл ор тас, ул мөргүй алга болдоггүй гэсэн энэ хорвоогийн хаана ч байсан үйлчилж байдаг матери хадгалагдах хууль гэж бий. Түүнтэй нэгэн адил манай энэ лаборатори ч гэсэн гэнэт нэг өдөр тэнгэрээс буусан мэт бий болчихоогүй. Эрдэмтэн, доктор, МоАХ-ны анхны идэвхтэй гишүүдийн нэг Ц.Даш агсаны идэвх санаачилга, шаргуу хөөцөлдлөгөө, хүчин чармайлтын дүнд бүр 1991 онд ШУА- ийн Химийн хүрээлэнгийн дэргэд Уургийн хими лаборатори нэртэйгээр албан ёсоор байгуулагдаж байсан. Түүнээс хойш 26 жил өнгөрчээ. 1994 онд МУИС-д шилжин ирж, 2014 он хүртэл Биоорганик химийн чиглэлээр бакалавр, магистр, докторын гурван шатны сургалт, судалгааны ажлыг амжилттай явуулж ирсэн. 2010 онд МУИС-ийн захирлын тушаалаар Ц.Дашийн нэрэмжит Биоорганик хими-Фармакогнозын лаборатори болон нэр нь албан ёсоор өөрчлөгдсөн түүхтэй. Манай лабораторийн судалгаанд шинэ чиглэл нэвтрүүлэх, судалгааны түвшинг ахиулах, судалгааны орчинг бүрдүүлэхэд Олон улсын Ротари нийгэмлэгийн захирал асан, Япон улсын иргэн, доктор Тарио Канно гуайн оруулсан хувь нэмрийг дурдахгүй өнгөрөхийн аргагүй юм. Тэр хүний дэмжлэгээр 2011 онд байгуулсан Ургамлын биотехнологийн лабораторийн үйл ажиллагаа одоо нэгэнт тогтворжиж жигдрээд байна. 2014 оноос олон улсын жишиг, Монгол орны бодит байдалтай уялдуулан хийсэн МУИС- ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд харьяалагдаж, Биоинженерчлэл хөтөлбөрийн 3 шатны судалгаанд суурилсан сургалтыг хариуцан явуулж байна. Одоо манай судалгааны багт 2 доктор, 5 докторант, 4 магистрант, 8 бакалавр курсын оюутан хамрагдаж байгаа бөгөөд гадаад, дотоодын олон байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. Олон жилийн хамтын ажиллагаатайгаас нь дурдвал, “Монос” групп, Мал эмнэлгийн хүрээлэн, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Австри улсын Грацийн их сургууль, Беларусс улсын ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Япон улсын РИКЕН судалгааны хүрээлэн, Токиогийн их сургууль, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль, Тохо их сургууль зэргийг нэрлэж болох юм. Багш, судлаач, оюутны солилцоо, хамтарсан судалгааны төсөл хөтөлбөр, судалгааны ажлын үр дүнд хамтарсан өгүүлэл хэвлүүлж, патент авах зэрэг ажлууд ч тогтмолжсон. Нэг жишээ дурдахад, энэ хичээлийн жилд манай лабораторид Тохо их сургуулийн хүндэт профессор Като Фүмио багш ЖАЙКА байгууллагын ахмад сайн дурын гишүүний хувиар ирж, Монгол орны хөрсний актиномицитээс антибиотикт тэсвэртэй микроорганизмын эсрэг үйлчлэлтэй нэгдлийг хайх судалгааг удирдан, олон оюутныг дагалдуулан ажиллуулж байна.

-Монгол мэдлэгийн тухай сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд их баярлалаа. Танд болон танай хамт олны эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхцацрал(140.115.49.53) 2023 оны 03 сарын 14

Маш сайн чиглүүлэгч, сэтгэгч. Оюутнуудаа японы өндөр үнэлгээтэй судалгааны сургуулиудруу дагуулж явж судалгаа хийх арга барилд сургаж, мөрөөдлийг нь том болгоход хувь нэмэрээ оруулдаг. Тэр хэрээрээ сахилга баттай, сэтгэлтэй, мэдлэгтэй байхыг оюутнаадаасаа хүсдэг. Батхүү багшийн лабораторид Японы Токиогийн их сургуульд доктор хамгаалсан мундаг багш бас байдаг. Батхүү багш болон Даваапүрэв багш нараар удирдуулж магистраа төгссөн оюутнууд нь бүгд дэлхийн чансаатай сургуулиудад доктортоо сурч байгаа нь ямар мундаг судлаачид болохыг нь илэрхийлдэг. Маш сайн багтай Батхүү багшдаа маш их баярлаж явда

2  |  0
Сумъяа(202.9.43.160) 2019 оны 01 сарын 12

Арван гурав дөрвөн жилийн өмнө энэ Батхүү багшийн тухай сонсоод их баярлаж байж билээ. Батхүү багш өөрөө англи япон хэлтэй боловч оюутнуудаа хими биологи биотехнологийн хичээлийн мэдлэг ойлголтоо монгол хэлээр зөв цэгцтэй чөлөөтэй ярьж бичиж сурах шаардлага тавьдаг гэж сонсоод ихэд талархаж байж билээ.

1  |  0
B(112.96.173.213) 2019 оны 01 сарын 07

Yaya bagsh aimar shu. Duu nartaa handaj helehed ta nar yag iim, sonirhson yumandaa buh huchee zardag humuusees baij boloh buh ur chadvar, handlagiig oor deeree buulgah heregtei baina. Bagshiig erchtei baigaa deer ni buh yumiig ni surch medej saijruulah heregtei.

0  |  0
Ch.Lkhagvasuren. (43.242.243.44) 2019 оны 01 сарын 12

Монгол ухаанаар бодож, сэтгэдэг Монгол ахуйд нийцтэй судалгаа хийж, байгалийн эрүүл хөрсөнд ургасан ургамлын давуу талыг Дэлхийд таниулахаар зорьж ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын нэг дээ. Танд ажлын амжилт хүсье.

3  |  0
Bathuud(43.242.243.44) 2019 оны 01 сарын 06

Монгол ухаанаар бодож, сэтгэдэг Монгол ахуйд нийцсэн судалгаа хийж, Монголын хөрсөнд ургасан ургамлын байгалийн давуу талыг Дэлхийд мэдрүүлэхээр зорьж ажиллаж буй эрдэмтэн судлаачдын нэг дээ. Танд ажлын амжилт хүсье.

0  |  0
Баярнэмэх(202.126.89.198) 2019 оны 01 сарын 09

айлаас эрэхээр авдараа уудлая Монголчууд аа. Батхүү багштай нэг биш удаа уулзаж манай Баянчандмань сумын гурван баг тус бүрт. Хүүхдийн одод цэцэрлэгт монгол гэр бэлэглэж байлаа. Гэхдээ зах дээрээс аваагүй ѳѳрсдѳѳ тохируулж эсгий дээвэр туургыг монгол аргаар оёж хатгасан байсан санагдана Танд амжилт хүсьп

3  |  0
Top