Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллалаа

2017 оны 02 сарын 19

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Говь-Алтай аймаг, Тайшир суманд ажилласан байна. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаны хүмүүс багтсан бөгөөд тэд орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.

Говь-Алтай аймгийн хөдөлмөрчидтэй уулзах үеэр иргэд хөдөө орон нутагт тулгамдаад байгаа  ажилгүйдэл,  ядуурлыг бууруулах, боловсролын системийн чанарыг сайжруулах талаар ямар ажил хийгдэж байгааг асууж тодруулан,  холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.

 

 

Түүнчлэн УИХ гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд  өнгөрсөн саруудад баталсан хуулиудаа иргэдэд танилцуулж, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэд хэдэн асуудал бодит ажил болсоныг дуулгасан юм. Тэрбээр "Иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх, бодит үр дүнг харуулах хуулиудыг өнгөрөгч намрын чуулганы үеэр баталж чадсан. Тухайлбал, жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг малчдынхаа тэтгэвэрийн насыг таван жилээр наашлуулж чадлаа. Ахмадууддаа насны хишиг олгохоор болж, ээжүүдийгээ цалинтай болгосон гэх мэт гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц хуулиудыг баталсан. Тун удахгүй та бүхэн үүний үр шимийг хүртэж эхэлнэ" гэв.

Харин иргэдийн хувьд "МАН-ын гишүүд өмнөх Засгийн газрын хийсэн буруу шийдвэрүүд болон "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан асуудлыг зориг гарган шийдвэрлэж, саашаалтай зөв үйлээр үлгэр жишээ харууллаа" хэмээн талархал илэрхийлээд цаашид ч ард түмнийхээ төлөө тууштай, шантралгүй ажиллахыг захилаа.

Ийнхүү Говь-Алтай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсаны дараа албаныхан Тайшир суманд ажлын айлчлалаа үргэлжлүүлсэн юм.

Тайшир сум нь аймгийн төвдөө хамгийн ойр байрлах хэдий ч хүн ам цөөтэй учраас сумын төвийн 300 хүүхдийн багтаамжтай дунд сургуульд 100 гаруйхан хүүхэд сурдаг аж. Тиймээс сумын удирдлагууд аймгийн төвтэй ойр байршил, орчин үеийн сургуулийн дотуур байраа түшиглэн ваакуумжуулсан сургалттай, өндөр чадавхитай сургууль байгуулж, аймгийн төвийн хүүхдүүдийг сумандаа сургах төлөвлөгөөтэй байгаагаа БСШУ-ны дэд сайдад уламжилсан юм. Энэхүү ажлыг БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр дэмжиж ажлахаа амлаад, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахыг сумын удирдлагуудад захилаа.

Мөн ажлын хэсгийнхэн Тайшир суманд ажиллах үеэрээ аймгийн иргэдийг савалсан цэвэр усаар хангадаг цэвэр усны үйлдвэр, "Тайширын усан цахилгаан станц"-ын үйл ажиллагаатай танилцаж удирдлагуудынх нь санал бодлыг сонссон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top