Ц.Мөнхсоёл: Н.Баянмөнх бид хоёрын амьдралыг Б.Энхмэнд нураасан

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Нийтийн дууны ертөнцөд өөрийн өнгө аялгууг бүрдүүлж, олны хайртай дуучин болсон СТА Ц.Мөнхсоёлыг та бүхэн уран бүтээлээр нь мэдэхээс өөрөөр хувийн амьдрал, цаашлаад сэтгэлдээ нандигнасан зүйл, бардам зангийнх нь талаар тэр бүр мэдэхгүй биз ээ. 

Би өөрөө залуу хүн болоод ч тэр үү хайрын тухай, аав, ээжийн тухай олон сайхан уран бүтээлийг нь сонгон сонсдог ч хурц шийдэмгий аальтай, алаг нүдэн бүсгүйг өнөөдөр ярилцсан шигээ төсөөлөөгүй явжээ.

Ингээд уншигч таныг СТА Ц.Мөнхсоёлтой дотнохон ярилцлагаараа уулзуулъя.

-Ойрын үед нам гүмхэн байлаа. Шинэ жил гээд урилга ихтэй байв уу. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ бидэнд дуулгаач?

-Намайг ярилцлагад урьсанд юуны өмнө талархал илэрхийлье. Тэгэхээр арван сайхан дуутай цомог бэлэн болсон. Арван дуун дотор сонсогчдын хамгийн дуртай “Хонгорхон охин үр минь”, “Нууцхан чамдаа”, “Миний наран”, “Чимээн чи юмуу” зэрэг уран бүтээл орсон.

Дуунд дуртай ард түмэндээ баяртай мэдээ дуулгахад тоглолтын гол цөм болсон “Арга билэг” нэртэй гуравдахь бие даасан цомог маань ардын дуу болоод 1960-1970 онд хүмүүст хүрчихсэн ятгын аялгуунаас бүрдсэн сайхан бүтээл болсон.

Ойрын үед энэ хоёр цомгийн ажил гээд маш завгүй байлаа. Хүмүүс уран бүтээлчдийг телевизээр гарахгүй л бол таг чиг, сураггүй боллоо гэж ойлгодог. Гэтэл бид илүү сайн уран бүтээлийг ард түмэндээ хүргэх гээд завгүй ажилладаг хүмүүс шүү дээ.

-Та дуучин алдраараа олонд танигдсан ч хуульч мэргэжилтэй хүн. Энэ талаараа ярихгүй юу?

-Хүмүүс зүгээр нэг хоббигоороо дуулаад байгаа хуульч мэргэжилтэй бүсгүй олны танил болчихлоо гэж ярьдаг. Би СУИС-ийг 2003 онд МУГЖ, дэд профессор Найдалмаа, СТА Тулгабатын Энхтуул гээд хоёр сайхан багшийнхаа удирдлага дор дуурийн дуулаачаар, бүр тодотговол гоцлон дуулаач гэдэг мундаг мэргэжлээр төгссөн.

Энэ мэргэжил маань миний бахархал. Тэгэхээр би мэргэжлийн дуучин хүн. Хуульчийн тухайд 2002-2006 онд “Улаанбаатар Эрдэм Судлал” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хуульч болсныхоо дараа “Цагаан” хууль зүйн товчоонд нэг хэсэг ажилласан. Энэ газрыг эгч маань байгуулсан. Одоогоор манай эгч өмгөөллийн ажлыг хийж байгаа учир би ерөнхийдөө уран бүтээлийнхээ ажилд шургуу ороод байгаа.

-Хүмүүс таныг их нууцлагдмал гэдэг. Та хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй?

-Гадуур миний амьдралын талаар андуу, зөрүү олон зүйл яригддаг. Хүний амьдрал өөрөө баялаг. Тийм учраас би энэ талаар нэг ярья гэж бодож байсан.

Надад өөрийн минь талаар янз бүрийн л яриа дуулддаг юм. Ц.Мөнхсоёл тэнд ч нэг дуучинтай холбогдож, энд ч нэг яруу найрагчтай явж байна гэх мэтчилэн янз бүрээр бичдэг. Залуу сайхан насандаа нэгэн рүүгээ инээмсэглэж харсан болгоныг хайр дурлал гэж ойлгоод, бүр цаашлаад ор хөнжлийн ажлаар дэгсдүүлэх нь бий.

Оюутан байхдаа ийм зүйл сонсоод гомдож, уйлдаг байлаа. Сүүлдээ тоохоо больсон. Тэгээд энэ удаад нэг зориглоод ярья гэж бодсон юм.

Хүний амьдрал байнга дардан замаар урагшлахгүй. Алдаа, оноо аль аль нь л байдаг. Үүнтэй адил миний амьдралд ч болохгүй, бүтэхгүй зүйл байсан. Би хоёр хөөрхөн хүүхэдтэй. Тэднийгээ өсгөөд, өнөөдөр жаргалтай сайхан амьдарч байна.

Охин, хүү хоёртой. Охин маань том 15 настай, хүү маань зургаан настай. Мэдээж цэл залуу насны бүсгүй хүнд харилцан итгэлцэл байсан. Гэхдээ тэрийг задруулах биш залуу хүн юм чинь сэтгэлээ уудалмаар санагддаг. Би бараг 10 жил шаналж явсан. Одоо бол ээж, хоёр хүүхдийн хамтаар маш сайхан жаргалтай амьдарч байна.

 


-Таныг яруу найрагч Баянмөнхтэй үерхэж байсан гэж ярьцгаадаг. Нууц биш бол энэ талаар ярьж болох уу?

-Анх СГЗ Т.Сэр-Од багштайгаа уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Мэдээж уран бүтээлч хүнд анхны гараа гэдэг маш чухал. “Аавдаа очмоор болох юм аа” дуугаар анх танилцаж холбогдож байсан.

Би яруу найрагч Н.Баянмөнхийг мэргэжлийн уран бүтээлчийнх нь хувьд үнэхээр чадалтай гэж хүндэлдэг байсан. Залуу хүмүүс хамт удаан байхаар нэг нэгэндээ дасна. Нэг л мэдэх нь ээ бие биедээ ээнэгшсэн байсан.

Энэ хугацаанд надад нэг тийм өөрийгөө үнэлэх бүсгүй хүний бардам зан байсан. Мэдээж бидний хайр дурлал, сайхан бүхэн үргэлжилсэн боловч бүтэмжтэй байгаагүй.

Урьд нь би энэ тухай ярьж, худал цуурхалд ганц удаа няцаалт өгөөгүй. Б.Энхмэнд хар багын найз минь. Бид Увс аймгийн Хөгжимт драмын театрын дагалдан дуулаачаар Гансүх багшийн шавь болж байлаа.

Тэгээд Улаанбаатар хотод орж ирээд би хуулийн сургуулийн оюутан болж, дараа нь СУИС-д ороход Энхмэнд хоёрдугаар курсын оюутан байсан. Би нэгдүгээр курст элсэж орж байлаа. Ингээд бид сайхан үерхэж байсан.

Анх би Энхмэндийг Баянмөнхтэй танилцуулж өгч байлаа. Сүүлд бодох нь ээ, би хүмүүст буруу ойлголт өгсөн юм шиг санагддаг. Намайг дуугүй, чимээгүй байх тусам хүмүүс бурууг надад өгөөд явж.

Яг юу ч гэмээр юм. Ямар ч байсан сайн найзынхаа хайртай залууг булаагаад аваад суучихдаг тохиолдол байдаг юм байна. Гэхдээ яг булаалгасан гэхээр хаашаа юм. Гэхдээ тийм л нэг юм болчихсон.

-Танд эвгүй байж магадгүй. Гэхдээ Б.Энхмэнд гэдэг хүн та хоёрыг салгачихав уу. Эсвэл өөр шалтгаан байв уу?

-Тэгэхээр олон жил өнгөрчээ. Одоо тэд сайхан гэр бүл болцгоосон. Гэхдээ яая гэх вэ. Үнэн юм үнэнээрээ л сайхан байдаг. УИХ-ын гишүүн агсан Наранцацралт гуайн сонгуулийн сурталчилгаанд долоо хоног намайг авч явья гээд Баянмөнх гуйсан ч би өөр ажилтай байсан учраас явж чадаагүй.

Тэгээд надаас “Энхмэнд гэж ямар дуучин байна аа” гэж асуухаар нь “Өө, миний найз, миний найз шиг сайхан хүн байхгүй. Чи манай найзыг дэмжээд аваад яв. Би хуулийнхаа ажлыг амжуулах учир амжихгүй нь ээ” гээд тэд хамт явсан.

Дундговь руу 14 хоног хамт яваад ирэхэд Баянаа бид хоёр клипний зургийн ажилтай байсан. “Анд” энтертайнментаар “Ээжийгээ санахуй” гээд сайхан дууны зурганд явсан.

Гэтэл ирээд явах хугацаанд миний утсаар дамжуулж Энхмэндтэй ярьдаг болсон байсан. Энхмэнд миний утсаар Баянмөнхтэй ярьдаг байсан. Тухайн үед би юу ч анзаараагүй.

Тухайн үед Эрдэнтунгалагийн төрсөн өдөр болж, бид очсон. Тэгсэн чинь Эрдэнэтунгалагийн төрсөн өдөр дээр Баянмөнх, Энхмэнд хоёр тэврэлдээд сууж байсан. Би ороод тухайн үед хар, цагаан дуугүй гарч байлаа. Би уурлаа ч үгүй, инээгээ ч үгүй. Яагаа ч үгүй, хундага тулгаад л гараад явсан.

Тэр цаг мөчөөс хойш бол Энхмэнд над руу нэг тийм өөртөө итгэлгүй байдлаар хардаг болсон. Над руу “Энэ яах бол” гэсэн харцаар харж байдаг. Цаашаа эргээд миний улыг шагайж байгаа нь ч надад мэдэгддэг.

 


-Хүн бүхэнд хэзээ ч мартагддаггүй нандин хайр гэж байдаг. Гэхдээ та одоо Н.Баянмөнхтэй хамт амьдарсан бол жаргах байсан болов уу гэж боддог уу?

-Эргээд бодохоор надад тийм сайхан хайр сэтгэл байсан гэж бодогддоггүй юм. Хэрвээ би тэр хүнд тийм л их хайртай байсан юм бол тэр хоёрыг анх харчихаад ямар ч үйлдэл хийхгүй байна гэж байх уу.

Мэдээж надад хэцүү санагдаж байсан ч би Н.Баянмөнх гэдэг хүнийг бусдаас үхэн хатан харамлахаар хайртай байсан гэдэгтээ эргэлздэг. Магадгүй бид хоёр удаан хамт байсан учраас зүгээр л ээнэгшиж дассан байх.

-Энхмэнд та хоёр багын найзууд гэсэн. Одоо ямар харилцаатай вэ?

-Одоо тийм харьцаа байхгүй. Хар цагаан дуугүй л өнгөрдөг. Гэхдээ би гэм хийгээгүй. Тэгэхээр тэр хүний өмнө гудайх ёсгүй. Гол нь тэр хүн намайг энд тэнд муулсан нь надад сонсогддог. Ийм зан гаргаад байгаад нь инээд хүрдэг.

-Гэхдээ л сайн найзууд байсны хувьд та хоёр нэгэнтээ үг сольсон л байлгүй дээ?

-Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ надтай тааралдахаараа үг дуугарах нь бүү хэл хараагүй юм шиг л өнгөрдөг. Эсвэл хардаж сэрдсэн байдал гаргах нь бий. Уг нь нэгэнт өнгөрсөн явдлыг сөхөж, биенээ үзэн ядалгүй мэнд устай явъя гэж боддог юм. Учир нь миний эргэн тойронд хамт олон, олон сайхан уран бүтээлч байгаа. Тэд бүгд л үүнийг мэддэг. Тэглээ гээд асуудал үүсгэж, хэн хэнийг нь турхирдаггүй.

Урлагийн гал тогоо халуун шүү дээ. Дээгий, Оюумаа, Эрка гурав надад хэлж л байсан. “Чи яаж ингэж тайван байж чадаж байна аа Соёлоо. Баянмөнх ийм хүн байсан юм уу” гээд л хэлж байсан. Би ер нь бодоод байсан харьцангуй тайван хүн юм. Уг нь би гэмтэн биш шүү дээ. Хүн гэдэг талаас харвал Энхмэнд буруутай ч намайг буруутан шиг хардаг нь надад таалагддаггүй.

Хайртай хүнээ сайн найздаа алдчихаад нэг ч үг дуугаралгүй гарч явсан тэр л хэвээрээ илүү дутууг ярилгүй өнөөдрийг хүрсэн. Тийм ч учраас би тэр хүний өмнө бардам байдаг.

-Гомдол төрдөггүй гэж үү. Монголчууд дуугүй нэгнээ сул дорой гэдэг шүү дээ?

-Би сул дорой биш ээ. Бусдыг өршөөж, уучилж чаддаг, бүсгүй хүний энэрэнгүй сэтгэл надад бий. Хааяа боддог юм, би тэр хүнийг сэтгэлд нь хүртэл хайрлаж чадаагүй. Нөгөө хүн нь түүнийг надаас илүү хайрлаж чадсан байж болно. Бас нэгэн цагт жаргал, зовлонгоо хуваалцаж байсан хүн маань учраас сайн сайхан амьдраасай гэж боддог.

-Тэр үед та 20 гаруйхан настай байсан. Тэр хорин настай үеийн гал халуун дурлал, 30 настай намба суусан хайр дурлал ямар ялгаатай вэ?

-Мэдээж асар том ялгаатай. Тэр үед бол ёстой жинхэнэ дэнсэлдэг байж. Тэглээ гээд эр хүний хойноос уйлж гүйхээргүй бардам ч байсан. Мэдээж эвгүй явдал учраас надад ямар байсныг хүмүүс ойлгоно. “Одоо би яана аа, Баянмөнх, Энхмэндтэй суучихлаа. Одоо яах вэ” гэж учиргүй гомдоллож, шаналаагүй. Тэгсэн хэрнээ л сэтгэлд нэг юм бугшаад байдаг.

-Та залуу хүн. Хайр дурлалтай дахиж учирна. Өөр амьдрал зохиох тухай бодож байгаа юу?

-Мэдээж залуу хүн юм чинь зохиох байх. Гэхдээ надад үнэхээр алдах эрх байхгүй. Намайг хайрлахаасаа илүүтэйгээр миний хоёр бурхныг хайрладаг тийм сайхан түшиг тулгууртай, уужуу сэтгэлтэй, урлагийн хүнийг бас ойлгодог тийм сайн хүн байгаасай л гэж бодож байна.

-Найз залуутай байгаа юу?

Үгүй. Юун найз залуутай мантай л завгүй гүйж явнадаа.

-Зарим дуучин өөрийн амьдрал, сэтгэл хөдлөл, шаналал гутралаа уран бүтээлдээ шингээсэн байдаг. Та тэгдэг үү?

-Их сайхан хайртай учирвал яг тийм уран бүтээл хийх байх.

-“Таны нууцхан чамдаа” гээд сайхан уран бүтээл байдаг. Энэ дуу эзэнтэй гэж сонссон?

-Энэ чинь захиалгатай дуу. Хүний нэрийг дурдаад яахав. Захиалгаар дуулсан дуу байгаа юм. Сайхан хос бие биедээ зориулж хийсэн дуу. Үүнийг нь амилуулж чадсандаа их баярладаг.

”...Даслаа даслаа гээд тавилангаа яалтай вэ

Дэргэд минь үгүй чи минь амгалан байгаасай...” гэж байгаа. Тэгэхээр их л уужуу хайр юм даа.

Тэр сайхан хайрыг би дуулж чадсан. Сэтгэл доторх хайраа догшруулахгүй байгаа хэдий ч магадгүй миний сэтгэлийг нэгэн талаар илэрхийлээд байгаа юм болов уу гэж боддог доо.

-Сар шинийн баяр дөхөж байна. Таны тоглолтын тов гараад байгаа сураг байсан?

-Тоглолт маань тун удахгүй болох гэж байна. 2014 оны хоёрдугаар сарын 4-нд буюу хөх морин жилийн Шинийн тавны билэгт сайн өдөр Монгол бөхийн өргөөнд гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Одоогоор нэрийг нь бодож олоогүй байгаа. Магадгүй сайтын уншигчдаасаа санал асуулга авч байгаад их сайхан билэгтэй нэрийг өгөх байх.

-Хүмүүс тоглолтыг баяр дөхөхөөр хийдэг, мөнгө олох зорилгоор гэх мэтчилэн ойлголттой байдаг. Таны хувьд энэ удаагийн тоглолт ямар ач холбогдолтой вэ?

-С.Мөнхсоёл гэдэг дуучин хоёр жилд нэг удаа тоглолт хийдэг. Энэ удаад сар шинийн баяр таарч байна. Бид, ялангуяа нийтийн дуучид маань хөдөө орон нутгаар маш их ажилтай байдаг. Уран бүтээлч хүн телевизээр гарахаас илүүтэй урлагтаа үнэнч байгаа, хөдөлмөрлөж байгаа байдлыг ойлголгүй бас нэг буруу ойлголт байдаг.

Тэр чичилсэн үгийг давж гараад энэ бүхний ард би, ийм уран бүтээлч хүн байгаа шүү гэдгийг харуулж хоёр жилд нэг удаа тоглолт хийдэг. Тэр мөнгөгүй болох, баяр дөхөхөөр гэдгийг арай л өөр ойлголт юм болов уу гэж бодож байна. Би ердөө сар шинээр тоглолт хийж үзээгүй. Ерөнхий гол цөм маань ятгын уран бүтээл, ятга хөгжимтэй дуунууд байгаа.

-Таны уран бүтээлийн тоайлан тоглолтонд дан ганцаар та өөрөө дуулах уу эсвэл урилгаар алдартнууд ирж ая дуугаа өргөх үү?

Дан ганц С.Мөнхсоёл гэж хүнээс гадна Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайгаа эзэлж яваа хүмүүс ирж дуулна. Тухайлбал, МУГЖ У.Далантай ах, СТА Н.Баасандорж, СТА Б.Болдбаатар, залуу үеийн төлөөлөл Э.Энх-Эрдэнэ, СТА морины Л.Нарантуяа гээд чадалтай уран бүтээлчид оролцоно. Тэгэхээр миний дээд үеийн болоод үе тэнгийн сайхан хүмүүс ирж ая дуугаа өргөж нэг үдшийг баяр цэнгэлээр дүүрэн өнгөрөөх юм даа.

-Уран бүтээлчид үзэгчдэдээ тоглолтон дээрээ бэлэг барьдаг. Харин таны хувьд тэднээс ямар бэлэг авахыг хүсч байна?

-Мэдээж сайхан алга дашилт, халуун дулаан уур амьсгалтай байвал гоё. Монгол түмэн маань дуунд дуртай, урлагт хайртай. Дуугүйгээр хөх толбот мөнголчууд амьдарч чадахгүй. Тиймээс сайхан хамтдаа дуулахыг л хүсэж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zula(112.72.13.162) 2014 оны 04 сарын 27

Yasan muuhai ym be. Enhmend ymar zewuun huuhen be. Harwaas nudend huiten shulmas shg huuhen bdag shd. Nz naraa nuhurteigee taniltsuulaad heregguin bn.

0  |  0
(202.170.81.170) 2014 оны 02 сарын 06

энэ нэг хүзүүгүй хүүхэн өнгөрсөн амьдралаа юунд нь гайхуулаад байдаг юм болоо,харин ч ерөөл айлдаад явж байвал болно ш дээ хүний амьдралд гай болох гээгүй юм бол

0  |  0
иргэн(202.21.113.139) 2014 оны 01 сарын 27

энэ зайлуул өөрийгөө дуучин л гэж яриад байхаас түүнийг сонсдог хүн байна уу? монгол хүн бүр дуучин шүү дээ.цагаан сар болох дөхөөд мөнгө хэрэгтэй байгаа лдаа,үзэгчгүй бол яанаа бөөн шаталт ичиж амьдраасай нотариатчаа хийгээд мөнгө нь бам багадсан байна шүү.увсын хуульч болсон хүүхнүүд бүгд л нотариатч хийж мөнгө хийдэг нь нууц биш.нямдорж ах нь нотариатын хөлсийг аймар өндөр тогтоож өгснийг ч хэлэх үү

0  |  0
Top