Авлигатай тэмцэх газрынхан Өмнөговьд ажиллаж байна

Админ | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Авлигатай тэмцэхгазрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгоны ахалсан ажлын хэсэг 2013 оны 1, 2 дугаар сард зүүн болон говийн аймгуудад ажилласан. Тэднийг орон нутагт ажиллах явцад илрүүлсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдийн хүсэлт, гомдлыг шийдвэрлэх зорилгоор тус газраас томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймагт өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг тус аймагт 14 хоногийн хугацаанд ажиллах үеэрээ авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, хандив, бэлэг, давхар ажил эрхлэлтэй холбоотой асуудлыг хянан шалгах, сум хөгжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зарцуулалтыг хянан шалгах, нэг цэгийн үйлчилгээг боловсронгуй болгох, худалдан авах ажиллагаатай холбоотой багц сургалт зохион байгуулах, иргэдийн төрийн үйл ажиллагаанд оролцох идэвхийг өрнүүлэх, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

Шинээр хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөв дэх иргэний эрх мэдэл, үүрэг оролцоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг орон нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагуудтай нүүр тулсан уулзалтыг зохион байгуулж, төсвийн төлөвлөлт, захиран зарцуулалт, тайлагналтын талаар иргэдэд тодорхой мэдлэг, мэдээлэл олгох нь ажлын хэсгийн гол онцлог ажлын нэг байх ажээ.

Дээрх арга хэмжээ бүрт Өмнөговь аймгийн болон нэр бүхий сумдын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын алба, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ажилтан, зэвсэгт хүчний анги, хилийн боомтын албан хаагчид, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулах ажээ.

Авлигатай тэмцэх газар нь улсын хэмжээнд салбар бүтцийн нэгжгүй бөгөөд тус байгууллагын зүгээс орон нутагт тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж буй анхны аймаг нь ийнхүү Өмнөговь болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top