Баячууд ч комиссын цүнхээр гангардаг

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 06

Моод Монголоор дуусдаг гэх үг улиг болоод удаж буй. Хэдэн жилийн өмнө дөө, “Буян”-гийн Жагаа ярьж байсан юм даг. Монгол бүсгүйчүүд  өр зээл тавьж, хамаг байдгаа шавхаж байгаад булган шуб аваад өмсчихдөг. Нэгэнт байдгаа шавхаж үнэтэй цайтай хувцас авчихсан болохоор толгой цувдайхнаар ходоодоо аргалаад,  нийтийн автобусаар үйлчлүүлдэг гэж. Гадны орнуудад үслэг эдлэл үнэтэйн дээр угаас бүхий л ахуйн хэрэгцээгээ хангачихсан хүмүүс булган шубаар гангардаг аж.  “Буян” компанитай хамтарч ажилладаг гадаадын эрхэм   буудал дээр  автобус хүлээж буй булган шубтэй эмэгтэйг хараад: “Энэ хатагтай энд яагаад зогсоод байгаа юм” гэж. Хамт явсан Жагаа санаа нь зовохдоо “Одоо жолооч нь ирж байгаа биз дээ” гэсэн гэдэг. Одоо ч хэдэн жилийн өмнөхийг бодвол  цаг өөр болж.    Ер нь манайхан их гангарах дуртай улс.  Хэдэн сарынхаа цалингийн дайтай  гутал хувцас өмсөх энүүхэнд. Монголоос тоож хувцасладаггүй нэгэн байхад,  дотоодын   зөвхөн брэндийн дэлгүүрээс гангараагаа сонгодог нь  бий. Цаашилбал,  Нарантуул, комиссын барааны байнгын үйлчлүүлэгч гээд зэрэг зиндаагаараа уртаас урт цуврах нь тэр.   Нэгэнт үнэтэй брэндийн хувцас  авч чадахгүйгээс хойш хуучин ч гэсэн Герман, Итали, ядаж яг Солонгосоос ирсэн хувцас гээд  комиссын барааны хувцсаар гангарагсад цөөнгүй.  

Дээдсийн хүрээлэнгийн бүсгүйчүүдийн дунд дэлхийд гарч буй бүхий л брэндийн сүүлийн загвараас хоцрохгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Тэгвэл байдгаа багтааж ядсан баячуудын дунд комиссын дэлгүүрийн үйлчлүүлэгчид нэлээдгүй байдаг гэнэ. Тэмээн хяруул, тугал, гүрвэл, матрын арьсаар хийдэг, дэлхийн худалдаанд цөөхөн гарч  9000-150 мянган долларын үнэтэй цүнхний дээгүүрт жагсах  Hermes-ийн Birkin-ийг манай бүсгүйчүүд өнгө өнгөөр нь барьдаг болоод байгаа. Гар аргаар хийхэд нэг цүнхэнд 48 цагийг зарцуулдаг тэдгээр цүнхнүүд худалдаанд гарахдаа наймхан ширхэг гардаг байна. Захиалга нь хэдийнэ дуусчихсан байдаг болохоор манай бүсгүйчүүдийн гангараад байгаа цүнхнүүд дээд зэрэглэлийн комиссынх байх нь элбэг гэнэ шүү. Цэвэрхэн эдэлсэн Birkin 5000-10 мянган долларын үнэд хүрэх бөгөөд гадаадаас тэр тусмаа комиссоос авчирсныг хэн мэдэх вэ гэж гадаадаас ийнхүү сонгоцгоодог аж. Хэн нь захилж, хэн нь комиссоор гангарч байгаа брэндлэг бүсгүйчүүд шууд хараад мэддэг гэсэн. Ёстой л хүн хүнээс илүү гарах гэсэн монгол зан гэж энэ байх даа.

М.Гэрэлцэцэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top