СУРВАЛЖИЛГА | Англи хэлний улсын олимпиадаас 154 сурагч медаль хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 22

 

БШУЯ, Боловсролын Ерөнхий Газар, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Гадаад хэлний төв, “Улаанбаатар пропертиз” ХХК хамтран зохион байгуулж буй Англи хэлний улсын 26 дахь олимпиадын хаалтын ажиллагаа өчигдөр (2024.04.21) боллоо.

Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс ирсэн ЕБС-ийн 9, 12 дугаар ангийн 570 сурагч, 35 багш мэдлэг оюунаараа өрсөлдсөнөөс нийт 154 сурагч төрөл тус бүрээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Англи хэлний улсын 26 дахь олимпиадад урьд өмнө оролцож байгаагүй буюу 600 гаруй сурагч оролцсоноороо онцлог болов. Мөн 9, 12-р анги тус бүрт гурван ангиллаар байр эзлүүлэн шагнал гардуулсан юм.

 



МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Гадаад хэлний төв энэхүү олимпиадыг анх удаа зохион байгуулж буй. “Зохион байгуулалтын зар мэдээллийг хожуу, шахуу авсан ч багш нарынхаа хүчээр амжилттай зохион байгуулж дууслаа” хэмээн Гадаад хэлний төвийн эрхлэгч доктор, дэд профессор Я.Бадамсүрэн ярьсан юм.
Мөн энэ удаагийн улсын олимпиадыг дөрвөн компани ивээн тэтгэсэн нь ихээхэн чанартай хөрөнгө оруулалт болж буйг зохион байгуулагчид хэлж байв. Тодруулбал, “Улаанбаатар пропертиз ХХК”, “Скайтэл групп”, “МН.НБМ Холдинг ХХК”, “Би Эн Ай Эн Би капитал” зэрэг компаниуд сурагчдын мэдлэг боловсролд хөрөнгө оруулж, шагнал гардуулжээ.

 



Ингэхдээ төрөл тус бүрд нийт дүнгээр шалгарч алтан медаль авсан сурагчдаас хамгийн өндөр оноо авсан сурагчдад 300 мянган төгрөгөөс нэг сая төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал, мөн шилдгийн шилдэг нэг сурагчид 5.5 сая төгрөгийн урамшууллыг гардууллаа.
Улсын чанартай олимпиадаас төрөл тус бүрд алт, мөнгө, хүрэл медаль авсан сурагчдын сэтгэгдэл маш өндөр байлаа. Багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүддээ баярлаж талархсанаа илэрхийлж буй сурагчдын нүднээ баяр хөөр, эрч хүч мэдрэгдэнэ. Алт, хүрэл медаль аль нь ч ялгаагүй сурсан зүйлийн үр дүн учир нийт оролцогчдын 25.6 хувь буюу 154 сурагчийг шагнаж урамшуулсан нь ч нүдээ олсон хэрэг биз ээ.

 



Улаанбаатар пропертиз ХХК-ийн Хүний нөөцийн менежер Т.Эрдэнэчимэг: “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд улс, эх орны ирээдүй болсон сурагчид, багш нарыгаа дэмжиж ажиллахыг чухалчилдаг. Үүний нэгэн илрэл бол Англи хэлний улсын 26 дахь удаагийн олимпиадыг ивээн тэтгэж оролцсон явдал байлаа.  Энэ удаагийн олимпиад нэлээн өргөн цар хүрээг хамран зохиогдлоо. Бидний зүгээс багш  нарын тэргүүн байрын шагнал болон сурагчдын урамшууллыг ивээн тэтгэж оролцлоо. Цаашид ч хүүхэд багачуудыг, сурган хүмүүжүүлэгч, багш нарыгаа ивээн тэтгэж, хамтарч ажиллах болно” гэлээ.

 



Цаашид ч гадаад хэлний төдийгүй бусад олон төрлийн боловсролын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа зохион байгуулагчид ярилцаж байлаа. Танхимын гадна эцэг, эхчүүд, багш нар хичээл зүтгэлийнхээ үр дүнгээр бахархан байх нь сонсогдоно. Эрдмийн их оргилд тэмүүлсэн сурагчдын үйл хэрэг, хичээл зүтгэлийг улам арчилж тойлж чадвал монголын ирээдүй тун гэгээтэй байгааг харж болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top