МАХН сэлмэн байшингийн 20-р давхарт төвхнөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

              Н.Энхбаяр Монголын улс төрийг ёстой л доргиож байна. Улс төрч байх, улс төрд лидер байх гэдэг хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай ажээ. Өвөө, эмээ нарын нам гэгддэг МАХН дахин сэргэсэн явдлыг ажиглагчид олон янзаар тайлбарлаж байгаа. Энэ бүхнээс хамгийн голч тайлбар нь эрх баригч МАН-ын хүч илт суларсныг илтгэж буй явдал. МАХН нэрийг овог удмаасаа илүү хайрлаж шүтэж ирсэн ахмад үеийнхний сонголтыг МАН өөрчилнө гэхэд даанч үнэмшилгүй. Тиймээс 2012 оны сонгуульд МАХН, МАН хоёр ана мана, ач тач үзэлцэнэ. МАН нь төрийн аппаратаар далайлгах бол, МАХН нь галзуу улаан фанатуудаасаа дэмжлэг авна. Тэд хоёулаа Монгол улсын 90 жилийн сайн муу бүх түүхийг өмчилж Пи Ар-дана. Эдний дундаас АН сувд шүүрэх нь. Энэ бол МАН-ын дарга нарт хуралдсан айдас.

МАХН нэрийг алдсан явдал МАН-д бас нэгэн давхар айдсыг, аюул заналыг бодитойгоор бий болголоо. МАН-аас нэр дэвших шаансгүй улс төрчид бүгдээрээ Н.Энхбаярт хадаг дэлгэн очих болно. Үүний дараа У.Хүрэлсүхийн намаа шинэчлэх бодлого нь Ерөнхийдөө сонгуулийн өмнөхөн “МАХН бол улс төрийн хамгийн буурьтай, хамгийн туршлагатай улс төрчдөөр бүрдсэн 90 жилийн түүхтэй нам” гэх мессежийг тодотгож байна.

Ерөнхийдөө ирэх сонгуулийн өнгө эндээс харагдаж буй юм. МАН одоо сонгуулийн ялалт биш, хаяад явсан хөгшин эхнэрээ яаж бут ниргэх вэ гэдэг тулаанд л орж байх шиг. Түүнийг одоо аргадаад нэмэргүйн дээр онигоонд орохоос цаашгүй. Тэгэхээр үзэлцэхээс өөр зам үлдсэнгүй.

Н.Энхбаяр МАХН-аа Сүхбаатарын талбайн урд талын сэлмэн байшингийн 20-р давхарт нүүлгэж оруулна гэсэн мэдээллийг баттай эх сурвалж ярилаа. Blue Sky Tower  буюу Хөх тэнгэрийн цамхаг нэртэй сэлэм шиг хэлбэртэй энэ байшингийн гурван ч давхрыг гурав дахь ерөнхийлөгчийнх эзэмшдэг юм байна. Тэр байшинд Н.Энхбаярын гэр нүүж орно гэх дуулиан гарсан нь оффистой нь андуурсан хэрэг байж.

МАН-ын цагаан байшин, АН-ын шилэн байшин энэ жил ашиглалтанд орж амжих болов уу гэж гишүүд нь халаглаж сууцгаана. Харин Н.Энхбаяр тэднээс бүүр эрт, аль “уже” орон байраа төхөөрчихөж. Түүнд ер нь улс төр хийхэд саад тотгор гэж үлдсэнгүй бололтой. Өнгөрсөн өдрүүдэд МАН-ынхан амь нь тэмцэж байхад МАХН-ы дарга ууланд авираад явж байх жишээтэй. Улсын дээд шүүхийн шийдвэрийн дараа У.Хүрэлсүх “90 жилийн түүх манайх” гэж мэлзэж байхад “90 жилийн түүх ард түмнийх” гэж Н.Энхбаяр давж байхийм.

Бөх хүн төрмөл заяатай гэдэг шиг, улс төрч гэдэг хэв шинж төрөлхийн лидер чанарыг бие хүнээс шаарддаг ажээ. Н.Энхбаяр сэлмэн байшингаасаа сэлэмдээд л, цавчаад л эхлэх нь. Залуухан МАН-ын дарга нар яана даа.

Ө.Мэргэндүү.

ZIndaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top