Олимпын боксыг мэргэжлийн боксын холбоо зохион байгуулах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

ОУОХ-ноос боксын спортыг “Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор үлдээсэн ч зохион байгуулалтын тодорхойгүй зүйл олон байна. Учир нь Токиогийн олимпын боксын тэмцээнийг Олон улсын сонирхогчдын боксын холбоо AIBA зохион байгуулах эрхгүй болсон. Ямар тэмцээнд олимпын эрх олгох, жингийн ямар ангилалтай байх гээд бүх зүйл тодорхойгүй. Энэ бүх асуудлыг зургадугаар сарын 24-26-нд Швейцарийн Лозаннад болох ОУОХ-ны чуулганаар шийдвэрлэнэ.  

ЯАГААД ИЙМ БАЙДАЛД ОРОВ?

AIBA холбоо асуудалд орсон нь өнгөрсөн жил тодорхой болсон. Аравдугаар сард тус холбооны ерөнхийлөгч Чинг Куо Ву санхүүгийн хэргээр боксын спорттой холбоотой ажил эрхлэх эрхээ бүх насаараа хасуулсан. Шалгалтын явцад Ву холбоогоо бүрэн дампууруулсан нь илэрсэн билээ. Вуг халаад оронд нь дэд ерөнхийлөгч Франко Фальчинелли тэргүүн болсон ч удалгүй Узбекистаны Гафур Рахимов холбоог удирдах болсон юм. Гафур ОУОХ-нд огт таалагдаагүй. Уг нь чуулганд оролцсон 137 орны 86 нь Рахимовт санал өгсөн ч ОУОХ-ноос хэрэв түүнийг үргэлжлэн ажиллах юм бол боксыг олимпийн наадмаас хасна гэдгээ ил тод мэдэгдсэн. Рахимов АНУ-ын Санхүүгийн яамны хар жагсаалтад орсон, хар тамхины наймаанд оролцдог, Оросын мафитай холбоотой тул олимпын хөдөлгөөний үзэл санаанд таарахгүй гэж тайлбарлаж байв. Гафур AIBA-д шинэчлэл өөрчлөлт хийж, дампуурсан холбооны өрийг төлж, шинэ ивээн тэтгэгч олно гэж амлан, ОУОХ-той хамтран ажиллахаа илэрхийлсэн ч ОУОХ тун хатуу байр суурьтай байлаа. Эхлээд “Токио 2020” олимпын боксын тэмцээний бэлтгэл ажлыг зогсоосноо зарласан. Дараа нь AIBA холбоог мөрдөн шалгаж эхэлснээ мэдэгдлээ. 

ОУОХ ганц Гафур Рахимовт бухимдаад байгаа хэрэг биш. Сонирхогчдын боксын холбооны санхүүжилт, авлига, шүүлтийн булхай, сэргээшийн асуудал гээд маш олон зүйл гаргаж тавьсан юм. Гафур засгийн эрхэнд гарснаар ОХУ-ын нөлөө хэт ихэслээ гэж шинжээчид үзэж байлаа. Үнэхээр ч “Токио 2020” наадмын эрх авах эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ энэ жил ОХУ-д зохиогдох болсон. Холбооны дэд ерөнхийлөгчөөр Оросын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв сонгогдсон гээд өөлөх зүйл их байлаа. Хариуд нь ОУОХ-ноос Орост болох ДАШТ-ээс олимпийн эрх олгохгүй гэж мэдэгдсэн. Ад үзэгдсэн Гафур өнгөрсөн гуравдугаар сард ажлаа өгсөн ч түүний оронд томилогдсон Мохамад Мустахсан ч ОУОХ-нд таалагдаагүй. Мохамадыг мөн л авлигатай холбоотой гэж тэд үзсэн.

Олимп ойртоод байдаг. Харин хаана болох ямар тэмцээнээс олимпын эрх олгох нь тодорхой бус хэвээр. ОУОХ-ноос Токиогийн олимпын боксын төрлийг зохион байгуулах тусгай хороо байгуулснаа зарласан. Харин хачирхалтай нь тус хороог Олон улсын гимнастикийн холбооны тэргүүн Моринари Ватанабэ тэргүүлэх болжээ. Энэ хороо олимпын эрх олгох системийг боловсруулж, Токио олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах юм.

Цаашид юу болох талаар урьдчилан хэлэхэд бэрх. ОУОХ-ноос AIBA-гийн бүх удирдагчдыг халсан ч тэдний оронд томилогдох өөрийн хүн алга. Олимпоос өмнө сонгууль хийнэ гэдэг бүтэхгүй. Ингэхээр боксын тэмцээн зохион байгуулах ямар ч туршлагагүй хүмүүс олимпын боксыг зохион байгуулна. Одоогийн байдлаар мэргэжлийн боксын WBA, WBC холбоод Токиогийн олимпын боксын тэмцээнийг хийж өгөх санал тавьсан гэнэ. 100 жилийн түүхтэй WBA холбооноос “Бид олон жилийн туршлагадаа үндэслэн, Токиогийн олимпын боксын тэмцээнийг зохион байгуулж чадна” гэж мэдэгдсэн.  Гэхдээ тэд мэргэжлийн боксын дүрмээр зохион байгуулах юм биш биз?  

AIBA-гийн одоогийн тэргүүн Мохамад Мустахсан хэрэв олимпын өмнө тэмцээн уралдаан зохион байгуулах эрхийг нь хасвал олон улсын шүүхэд хандана гэж мэдэгдээд байгаа. Шүүхэд хандлаа гээд асуудал улам хурцдах нь мэдээж. Тамирчдын хувьд ямар тэмцээнээс эрх авах, ямар жинд тоглохоо ч мэдэхгүй хүлээж сууна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top