Ц.Мягмарсүрэн: Залуусын суурь эрүүл мэндийг нь анхаарах хэрэгтэй

2016 оны 11 сарын 09

Сүүлийн үед залуус гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн тухай болон ажлын байрны хүрэлцээ дутмаг байгаа талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүн, ам хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-     Сүүлийн үед залуус гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн тухай судалгаа гарсан.  Энэ нь ямар шалтгаантай вэ?
-    Ерөнхийдөө тийм хандлага байгаа. Гэмт хэрэгт  залуучуудын оролцсон байдал, ял эдэлсэн, мөрдөн байцаалтад орсон зэрэг үзүүлэлт харьцангуй өндөр байна. Үүний шалтгаан нь залуус мэдээлэл ойлголт муу, буруу хандлага юм. Тиймээс эхлээд залуучуудын хандлагыг өөрчилж, хууль эрх зүйн мэдлэг олгох хэрэгтэй. Ихэвчлэн  хар тамхи, мансууруулах  бодистой холбоотой гэмт хэрэгт залуус холбогдох нь ихэссэн. Үүнээс үүдэн манайх хар тамхины хор уршгийг  таниулах, эрүүл дадал зуршлийг бий болгох ажлыг хийхээр болсон.  Ажилтай холбогдох зорилт чиглэлийг залуусыг дэмжих хуулиндаа тусгана. Мөн тусгайлсан арга хэмжээг төрийн байгууллага, ЦЕГ, Хууль зүй дотоод хэргийн яам хэрхэн хамтарч ажиллахыг хөтөлбөр дээрээ тусгах болно. 

 -    Залуусын өмнө тулгамдаад байгаа нэг асуудал бол ажлын байрны хүрэлцээ. Их сургууль төгссөн хирнээ ажилгүй залуус олон байна. Энэ тал дээр хэрхэн анхаарч, ямар ажлыг хийж байна вэ?
-    Тиймээ. Энэ асуудал нийгэмд их хөндөгддөг. Гэхдээ эхлээд залуусын суурь эрүүл мэндийг нь анхаарах хэрэгтэй. Халдварт болон халдварт бус өвчин, өсвөр насны охидуудын эрт жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин гэх мэт эрүүл мэндийн асуудал их гарч байна. Тиймээс гол нь амьдрах ухааны боловсрол олгох ажлыг түлхүү хийнэ. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй мэргэжил эзэмшиж байж ажлын байртай болно. Ажлын байран дээр гарч байгаа залуусын хөдөлмөр эрхлэлтийг чиглэл чиглэлээр хувааж байгаа, оюутны хөдөлмөр эрхлэлт, цагийн ажил, шинээр ажилд орж байгаа залуучуудыг дэмжих гэх мэт. Дипломтой хирнээ ажилгүй байгаа залуусыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр сургах асуудлыг хийж байгаа. 

-    Дипломтой ажилгүй хүмүүсийг сургалтанд суулгах юм байна. Сургалтанд суух залуусыг хэрхэн олох вэ?
-    Хөдөлмөрийн биржийг төрийн байгууллага болон ТББ-уудын дэргэд ажиллуулж байгаа. Үүнээс харахад бүртгэлтэй ажилгүй залуус маш олон байна. Манай мэдээллийн санд ямар мэргэжилтэй, хэр удаан ажил хайж байгаа залуусын тоо мэдээлэл байдаг. Мэдээжийн хэрэг залуусыг хүчээр энэ сургалтад суулгахгүй. Та энэхүү сургалтанд сууснаар ийм мэдлэгийг эзмшинэ. Мэдлэг эзэмшсэнээр дараах ажилтай болно гэдгийг ойлгуулна. Бид залууст энэ тухай ойлголтыг өгч, тэр чиглэлийн сургалтыг явуулж, хөшүүрэг дэмжлэг болох болно. 

-    Сургалтаас гадна залуус руу чиглэсэн ямар ажлыг өрнүүлэхээр болов?
-    Одоогоор бүртгэлтэй хирнээ ажилгүй байгаа 2500 орчим залуус байна. Энэ нь дотроо боловсрол, мэргэжил эзэмшсэн байдлаар ангилагдана. Залуучуудын хөгжлийн төвүүдийг 11 аймаг, гурван дүүрэгт байгуулсан. Эдгээр төв нь залуучуудыг хөгжүүлэх орчин нөхцлийг бий болгоход чиглэж байгаа. Тухайлбал, дэлхийн хаана ч байсан мэдээлэл авах боломжтой суурь баазыг бий болгон, дэлхийд нэрд гарч байгаа ном товхимолтой төвүүдийг байгуулсан. Мөн амьдрах ухааны боловсролыг олгож байгаа. Энэ нь шийдвэр гаргах түвшинд залуучууд яаж оролцох, өөрийнхөө амьдралдаа хэрхэн шийдвэр гаргах, санхүүгээ хэрхэн зарцуулах гэх мэт хүний амьдралд хэрэгтэй эзэмших суурь мэдлэгийн хүрээнд  гарын авлага боловсруулан, сургалтыг явуулж байгаа. Сургалт явуулаад үр дүнтэй нь харагдаж байна. Сургалтын дараагаар тестээр үнэлгээ авдаг. Үнэлгээгээнээс харахад сургалтын өмнөх болон дараагийн байдал эрс ялгаатай байдаг. Бид цаашдаа үлдсэн аймаг дүргүүдэд төвүүдийг байгуулан, үндэсний хэмжээнд сургалт үйл ажиллагааг явуулах зорилтыг тавьсан. 

-    Бусад улс оронд залуус руу хандсан ямар бодлого баримталдаг вэ?
-     Ерөнхийдөө залуучуудын хөгжлийн индексээрээ аваад үзэхэд манайх 100 гаруй орноос 70-р байранд жагсаж байгаа. Энэ нь бусад орны залуустай харьцуулахад боловсролын түвшингээрээ харьцангуй өндөрт орж байгаа үзүүлэлт юм. Гэхдээ манай оронд залуусын өмнө тулгамдаж байгаа маш олон асуудал байна. Дийлэнхи улс орон залуучуудын хөгжлийн бодлоготой. Судалгаанд хамрагдсан 190 гаруй орноос 140 гаруй нь залуучууд руу чиглэсэн бодлоготой. Үүнээс нэлээд хэдэн орон залуучуудын “Хөгжлийн эрх” гэсэн хуультай.  Бид эхлээд хууль эрх зүйн орчноо бий болгоод, дараагаар бодлого хөтөлбөрүүдээ боловсруулах чиглэлийг барьж байна.

 

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top