Т.Доржханд: Монголчуудын хувьд 2024 оны сонгууль эргэлтийн цэг байх болно

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Энэ удаагийнхаа “Өглөөний зочин” буланд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандыг урьж, ярилцлаа.


-Урилга хүлээж авч, ярилцаж байгаад баярлалаа. Ярилцлагаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлүүлье гэж бодож байна. Учир нь, та анх Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөж, тэр хэрээр нэлээн акц өрнүүлсэн улстөрч, УИХ-ын гишүүн шүү дээ?

-Баярлалаа. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэдэг итгэл үнэмшилдээ анхнаасаа хатуу байр суурьтай байсан. Учир нь, 1992 оны Үндсэн хуульд олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай Бүгд найрамдах улс байна гэж заасан бөгөөд энэ нь 2000 он гартал хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл, яг зөв зам дээрээ явж байсан гэж боддог. Гэтэл дараагийн 10 жилд нь хоёр намын системтэй болчихсон. Үр дүнд нь бие биедээ дэгээ тавьж, сонгууль болохоор нэг нэгнээсээ илүү гарахын тулд амлалт өгч, популизмаар өрсөлддөг  болсон.

Ингээд улс, орныхоо эдийн засгийг хөлдөө чирж эхэлсэн. Энэ бол системийн алдаа юм. Дэлхийд хоёр намын системээр яваад дампуурсан улс олон байна. Харин сүүлийн 10 жилд нэг л намтай болов. Сөрөг хүчин маш цөөн, 11 суудалтай АН, нэг суудалтай ХҮН байна. Асуудал нь сонгуулийн системдээ байсан. Өмнөх сонгуулийн системээр өөр улс төрийн хүчин гарч ирэх ямар ч боломж байхгүй. Сүлжээгээ атгачихсан, намын хатуу гишүүнчлэлтэйгээс гадна асар их мөнгөөр гарч ирдэг. Энд эрүүл саруул боловсролтой, сэтгэлтэй хүмүүс нь гарч ирж чаддаггүй. Тиймээс цаашаа үргэлжилбэл Монголд нэг нам байхгүй болно. Хувь хүний дарангуйлалд шилжиж, эрх чөлөө, тусгаар тогтнол байхгүй болох эрсдэл бодитой байв. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх замаар гишүүдийн тоог өсгөх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлж бусад намыг парламентад оруулж ирэх ажлыг улсаа бодож итгэл үнэмшилтэйгээр зориглон хийсэн.

-Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санасандаа хүртлээ хийж чадсан гэж бодож байна уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө ч сайн хийж чадсан гэж боддог. Цаашид парламентын ардчиллыг илүү бэхжүүлэх, эдийн засаг, засаг захиргааны шинэчлэл хийх шаардлага байгаа. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дараа олон намын төлөөлөл бүхий солонгорсон парламент бүрдэх болов уу гэх хүлээлттэй байна. Эрх барьж байгаа нам болон сөрөг хүчний тэнцвэр хангагдах байх. Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллах, нөгөө талдаа хариуцлагыг нь тооцдог хүчтэй парламент гарч ирэх хэрэгтэй юм. Энэ ч утгаараа 2024 оны сонгууль монголчуудын хувьд эргэлтийн цэг байх болно. Маш чухал сонголт гэж ойлгох хэрэгтэй.

 

ХӨГЖЛИЙН БАНК АН-ЫН, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ МАН-ЫН АСУУДАЛ БАЙСАН

 

-Та саяхан мэдээлэл хийх үеэрээ “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар МАН-ыг ялж үзүүлнэ” гэж мэдэгдсэн. Мэдээж хоосон үг бол биш байх. Үнэхээр итгэлтэй байна уу?

-Судалгаагаар монголчуудын ихэнх нь шинэ улс төр, шинэ хүмүүсийг хүсэж байна. Тодорхой хэмжээнд мэдлэг боловсрол, туршлагатай, улс эх орноо хөгжүүлье гэсэн сэтгэлтэй хүмүүсийг л сонгомоор байна гэж иргэд хүлээж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН ч, АН ч тэр энэ боломжийг өгөөгүй. Сонгуулийн тогтолцоо нь ч олгоогүй. Одоо тогтолцоо өөрчлөгдсөн. Одоо иргэдийн хүлээлтэд нийцсэн улс төрийн хүчин, нэр дэвшигчдийг сонголтын ширээн дээр нь тавина. Магадгүй сонгуулийн дараа хүмүүс цочролд орох байх гэж бодож байна.

-Яагаад тэр вэ?

-Үндсэндээ МАН, АН хоёртой тулах, ялах улс төрийн хүчин гараад ирчихсэн гэдгийг хараахан ойлгоогүй байх. Гэхдээ тун удахгүй ойлгоно. Монголын түүхэнд байгаагүй улс төрийн соёл, улс төрийн сонгуулийг хийнэ. Бид мэтгэлцээнд бүгдийг нь дуудна. Мэтгэлцээн бол үнэхээр чухал. Хэрэв санаж байгаа бол 2020 оны сонгуулиар ковидоор шалтаглаад нэг ч хүн мэтгэлцээгүй. Өөрөөр хэлбэл, нэг ч мэтгэлцээнгүй сонгууль болсон шүү дээ. Би лав 2020 оны сонгуулиар МАН-ынхныг хайгаад олоогүй. Харин 2024 оны сонгуулиар маш олон мэтгэлцээн болох ёстой, хийнэ.

-Ингэхэд та МАН-ын захиалгаар анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хөндсөн үү. Тухайн цаг үед таныг “Захиалагч нь МАН, ХҮН-ыг МАН-ын бөөрөнд наалдлаа, Т.Доржханд бол МАН-ын утсан хүүхэлдэй” гэх зэргээр хэвлэлүүд бичиж эхэлсэн. Гэхдээ та энэ асуултад хэзээ ч тайлбар өгч байгаагүй байх, би лав сонсоогүй. Одоо асуултад маань хариулж болно биз дээ?

-Энэ асуултад тодорхой тайлбар өгөх нь зүйтэй байх. Яах вэ, 2020 оны УИХ-ын сонгуулиар намайг Ц.Элбэгдоржийн “утсан хүүхэлдтэй” гэж АН-тай нийлж харлуулж байсан. Тухайн үед муу нэртэй нь Ц.Элбэгдорж байсан шиг байгаа юм. Дараа нь, би УИХ-д гарч ирээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг санхүүгийн луйвар байна гэж маш олон удаа ярьсан. УИХ-ын чуулган дээр 49 хувийн санхүүжилттэй холбоотой нууц гэрээнүүдийг ил болгохыг шаардсан. Ингээд ирэхээр иргэд намайг илүү ойлгож эхэлсэн. Энэ хүн чинь өөр хүн байна гэж.

Сонгууль болохоор л харлуулалт явагддаг шүү дээ. Би бүр тэсэхгүй “Нарнаас өөр намайг харлуулах зүйл байхгүй ээ” гэж хүртэл хэлж л байлаа. Харин 2021 оноос намайг МАН-тай холбож, харлуулсан. Учир нь, Х.Баттулга гэж хүн Үндсэн хуулиар дахин дэвших боломжгүй байсан. Тухайн үеийн парламентыг хянаж байсан, шоронгийн түлхүүр мань хүнд байсан л даа. Энэ үед хууль засаглах юм уу, хувь хүн засаглах юм уу гэж асуудлыг босгож ирсэн. Үүнээс хойш сошиал дээр харлуулалт их явж МАН-тай нааж эхэлсэн байдаг юм. Харин ХҮН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-тай нийлж орно гэж олон хүн итгэсэн боловч бид инженер, доктор Д.Энхбатыг дэвшүүлснээр иргэдийн эргэлзээ тайлагдсан байдаг. Мөн Т.Доржханд Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-ын дэмжлэггүйгээр хийж чадахгүй байсан гэдэг л юм.

-Гэхдээ үнэн шүү дээ?

-Хоёрдугаарт, би Хөгжлийн банкны сонсголыг өөрийн УИХ-ын гишүүнийхээ бланк дээр санаачилж, шаардаж шахаж оролцсон. Нүүрсний хулгайн сонсголыг ч бас санаачилж байлаа. Энэ нь МАН-аас гадна АН-ынханд хохиролтой байж таарсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк АН-ынхны асуудал байсан. Нүүрсний хулгай МАН-ынхны асуудал байсан. Тийм болохоор Т.Доржханд МАН-тай нийлээд биднийг гөвж өгч байна гэдэг зүйл явсан байсан.

 

БИ Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ХОЁР ЗҮЙЛ ДЭЭР Л ГАР БАРЬСАН

 

-Гэхдээ та МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ойр хамтарч ажиллаад л байгаа?

-Үнэн. Би МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй хоёр зүйл дээр гар барьсан. Тэр нь улс, эх орны эрх ашгийн төлөө байсан. Танай нам ялах нь чухал биш, манай нам ялах нь чухал биш, өөр нам ялах нь чухал биш. Монгол Улс ялах ёстой, ардчилсан тусгаар улс байх ёстой. Тиймээс энэ улсад Үндсэн хуулийн өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй. Үгүй бол МАН ч байхгүй, ХҮН ч байхгүй, АН ч байхгүй, Парламент байхгүй, цаашлаад ардчилал тусгаар тогтнол байхгүй болчих гээд байсан. Бодит байдал ердөө л энэ байсан шүү. Тэгэхээр энэ зүйл дээр гар барьж өөрчилсөн нь үнэн. Үр дүнд нь Монгол улс эрх чөлөөтэй, тусгаар ардчилсан улс байх болно.

-Хоёр дахь нь?

-Хоёрдугаарт, авлига хулгайн эсрэг тэмцэл дээр хамтрахаар гар барьсан нь үнэн. Үүнд хатуу байя, танай намд хулгай байна, АН-ын хулгай байна, та Засгийн газар дээрээ шахаж сайн ажиллаач ээ. Би бол парламент дээр шүгэл үлээнэ. Айж эмээх зүйл байхгүй. Танай болон АН-ын эрх мэдэлтэй бүх хүнтэй тулна гээд тулаад бараг бүгдтэй нь дайсан болсон шүү дээ.

Би бол айхгүй, нэр төртэйгээр ард нь гарна. Тэгэхээр МАН-тай нааж харлуулах нь уламжлалт технологи бөгөөд ямар ч  баримт, нотолгоо байхгүй л дээ. ХҮН бол тов тодорхой үзэл санаа дээр нэгдсэн, маш мэргэжлийн өндөр мэдлэгтэй, туршлага ур чадвар, ёс зүйтэй хүмүүсийн нэгдэл юм. Ийм хүмүүс өөрсдийнхөө үнэ цэнийг худалддаггүй юм, цаашид ч худалдахгүй.

-Өөрөөр хэлбэл, таныг аль ч нам нь худалдаж авч чадахгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, Т.Доржхандыг бол хэн ч худалдаж авч чадахгүй дээ. МАН ч чадахгүй, АН ч чадахгүй. Харин улс, эх орны эрх ашиг дээр бол аливаа харлуулалт, гүтгэлгийг үл тоож нэгдэнэ. Сүүлийн 30 жилийн улс төрийг дүгнэвэл бие биедээ дэгээ тавьдаг, зөв зүйл байсан ч тэнд улстөрждөг, эсэргүүцдэг. Тэндээсээ улс төрийн оноо авдаг хөгийн хямдхан улс төр явж ирсэн.

Үр дүнд нь монголчууд хожоогүй. Хэрэв АН эрх барьж байсан бол бид зөв зүйлийг нь дэмжээд л явна. Монголынхоо эрх ашгийн төлөө нэгдэж улстөржилтөө хажуу тийшээ тавих л хэрэгтэй. Хулгай хийж, худлаа ярьж, авлига авч байгаа зүйл дээр хатуу хариуцлага тооцож зогсоох л хэрэгтэй. Цаашдаа энэ үзэл санаанаасаа ухрахгүй.

 

БИ ЕСӨН ДҮҮРЭГ, 21 АЙМГААР ЯВЖ ИРГЭДТЭЙ УУЛЗСАН ЦОРЫН ГАНЦ ГИШҮҮН

 

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент отгон чуулганаа хийж байна. Та УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаандаа хэчнээн хуулийн төсөл дээр ажиллав?

-УИХ-ын гишүүний үндсэн ажил бол хууль боловсруулж, батлуулах шүү дээ. Та нар анзаарсан л байх.

-Юуг тэр билээ?

-Би “Тойргийн төсвөө боль, жалга довны хөрөнгө оруулалт хийж болохгүй. Том хөгжлийн бодлого ярья, том реформуудыг хийе” гэж зөндөө ярьж байсан. Миний хувьд анх төсвийн бодлого, мөнгөний бодлого, санхүүгийн сектор дээр реформ хийнэ гэж орж ирсэн. Үүнийгээ ч хийсэн. Банкны реформыг өөрөө санаачилж хийлгэсэн. Ажлын хэсэгт нь орж ажилласан. Иргэдийн мэдэж байгаа хамгийн гол зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлт шүү дээ. Энэ бол 30 жил хийгдээгүй тогтолцооны өөрчлөлт юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд би Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, бүх сумаар явсан. Иргэдэд мэдээллээ өгсөн. Ингэж явсан цорын ганц гишүүн гэхэд болно. Нэг ч гишүүн над шиг тэгж яваагүй. УИХ-ын гишүүний хувьд би үүргэвчээ үүрээд, пүүзээ өмсөөд, сонингоо бариад л явсан. Өөрөө захаар орж, гудамжаар алхаж, айлын хаалга тогшиж иргэдэд мэдээлэл өгсөн дөө. Өөрөөр хэлбэл, ХҮН-ын даргын хувьд намынхаа залуустай хамтраад УИХ-ын гишүүний шугамаар сүүлийн хоёр, гурван жил дандаа иргэдтэй уулзаж, тэдэнд мэдээлэл өглөө. Бүх иргэдтэй уулзахыг зорьсон. Ямар ч байсан нийт иргэдийнхээ 70-80 хувьтай нь нүүр тулж, мэдээлэл өгсөн гэж бодож байна.

Мэдээж эрх баригч намд олон кноп бий. Гэхдээ нөгөө талд нэг суудалтай ч гэсэн иргэдтэй уулзах нүүртэй нам, гишүүний үр дүн сайн гарсан. Иргэд итгэж бас дэмжсэн. Хулгай хийж, худлаа ярьсан түүх бидэнд байхгүй. Иргэдийн хүсээгүй боловч улсад хэрэгтэй зүйлийг нь ярих, “гал барих” ажлыг би намынхаа мэргэжилтэн залуустай хамт тултал нь хийсэн. Үр дүн нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Дээр нь, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль дээр ажилласан. Үндсэндээ 10 орчим томоохон хуулийг санаачилж ажилласан байна. Түүнчлэн эдийн засгийн чиглэлийн 30-40 хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллалаа. Эдийн засгийн чиглэлийн хамгийн их Ажлын хэсэгт орж ажилласан гишүүн юм билээ. Тэр ажлаа нэр төртэй, хийсэн шиг хийсэн.

-УИХ-аас байгуулсан Түр хороо болгонд орж ажилласан бил үү?

-Тийм ээ, бүх Түр хороонд орж ажилласан байна. УИХ-ын гишүүд ч орж ажиллах нээх дуртай биш. Маш олон цагаар сууж ажиллана. Дайсан ихтэй болно. Одоо гэхэд л “Ногоон автобус”-ны Түр хороонд ажиллаж л байна. Нэг суудалтай намын хувьд бүх ажил руу орж ажиллаж байна. Ачаалал бол маш өндөр. Өөртөө бүх ачааг авч ажилласан. Огт хойш суугаагүй, ажлаа тултал нь хийгээд л явж байна.

Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Намайг анх УИХ-ын гишүүн болж байхад төсвийн талаар иргэдийн ойлголт бага байсан. Би төсвийг иргэдэд ойлгогдохоор маш энгийнээр ярьж, төсвийн хөрөнгө оруулалтыг задалж сошиалаар түгээсэн. Намынхаа эдийн засагч нартай сууж байгаад энэ сум дээр ийм Соёлын төв, тэр сум дээр ийм сургууль, цэцэрлэг барина гэх зэргээр задалж иргэдэд тайлбарлаж өгсөн. Чуулган дээр хүртэл иргэдэд зориулж мэдээлэл өгч ирсэн байдаг. Үр дүнд нь, иргэд төсвийн талаар маш сайн ойлголттой болсон. ХҮН бол 1200 гаруй эдийн засагчтай. Тэд маш идэвхтэй ажилладаг. 

 

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОРИГТОЙ ХИЙМЭЭР БАЙНА

 

-Ингэхэд УИХ-аар Үндэсний баялгийн сангийн хуулийг хэлэлцэн баталлаа. Та эдийн засагч хүн. Хуулийн төслийг идэвхтэй дэмжиж байгаа нь анзаарагдсан шүү?

-Баялгийн сангийн хуулийг дэмжсэн. Ирээдүй өв сан гээд Баялгийн сангийн анхны хуулийн асуудлыг ярьж байхад би Сангийн яам дээр техникийн Ажлын хэсгийг нь ахалж байсан.

-Хэдэн он гэсэн үг үү?

-2012 онд. Баялгийн сангийн нэгж байгуулаад явж байсан. Зөвлөхүүд авч ажиллаж байсан. Үр дүнд нь Ирээдүйн өв сан гээд хууль батлагдсан байдаг. Мөн УИХ-д суудалтай намын даргын хувьд Баялгийн санг явуулах нь зүйтэй гэж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр нартай дэмжиж, гарын үсэг зурсан. Энэ зарчим дээрээ тууштай зогсоно.

Учир нь, бид ардчилсан улс байхын тулд тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай байсан. Үүнийгээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажуулж чадсан. Энэ бол монголчуудын ололт. Дараагийн чухал зүйл бол эдийн засгийн шинэчлэлт. Энэ нь эдийн засгаа яаж  хоёр, гурав, дөрөв, тав дахин тэлэх вэ гэдэг асуудал юм. Үүнийг тэлэх үндэс, нөхцөл нь гаднаас валютын эх үүсвэр л орж ирэх. Ердөө гурван шугамаар орж ирдэг. Нэдүгээрт, экспорт. Хоёрдугаарт, гаднын хөрөнгө оруулалт. Гуравдугаарт, гаднаас зээл авах зарчмаар валютын эх үүсвэр орж ирдэг. Гэтэл манай улсын өрийн хязгаар тулчихсан. Гаднын зээл зогсчихсон. Гаднаас хөрөнгө оруулалт хийх гэхээр Монгол Улсын эрсдэлтэй, хэлсэн ярьсандаа байдаггүй, хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, хэтэрхий их популизмтай гэдэг. Одоо ганц валют олж байгаа нь экспорт байна.

Гэтэл тэр нь нэг улсаас хамааралтай, маш их эрсдэлтэй гэсэн үг. Экспорт олж байгаа салбар нь уул уурхай. Маш их савладаг. Энэ уначих юм бол эдийн засаг дагаад унана. Бүгдээрээ ядуурна. Олон хүн гадагш амьдрал хөөж явна. Орлого олохоор тэрийгээ улсынхаа хөгжилдөө зарцуулж, хадгалж хуримтлуулах ёстой байтал улс төрийн оноо авах хэрэгсэл болгоод тараагаад хаячихдаг. Тэгэхээр Баялгийн сан бий болсноороо хуримтал үүсэх боломж бүрдэнэ. Тэр хуримтлуулсан мөнгөө зүгээр нэг авдарт хийгээд дарчих биш хөрөнгө оруулалт хийж, эргэлтэд оруулах боломж бүрдэж байгаа юм. Том, том төслийг санхүүжүүлж эхэлнэ. Энэ агуулгаараа Баялгийн сан бол зөвхөн олсон орлогоо иргэдэд тараадаг биш давхар хуримтуулж, өсгөдөг олон улсын жишгээр явах суурь нь бүрдэнэ гэж ойлгож бас дэмжсэн.

-Олон нийтийн дунд Баялгийн санг бусад сан шиг ээ болчих вий гэх болгоомжлол байх шиг байна. Тэгвэл хяналтыг яаж тавих юм бэ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Сан гэхээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Боловсролын зээлийн сан, Тариалан эрхлэлтийн сан гэдэг ч юм уу хулгай болчихоод байдаг. Хулгай юунаас болов гэхээр дарга шийдээд байгаатай холбоотой. Дарга нь гэхээр нэг сайд эсхүл агентлагийн дарга байдаг ч юм уу. Тэгэхээр одоо бидний барьж байгаа хатуу байр суурь бол удирдлагын баг нь дандаа хөндлөнгийн мэргэжлийн хүмүүс байна. Жишээ нь, МАН-ын томилсон, АН-ын томилсон, ХҮН-ын томилсон улс төрийн албан тушаалтан биш хэн нэгэнд хамааралгүй цэвэр мэргэжлийн хүмүүс удирдана гэсэн үг.

-Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх явцад стратегийн ач холбогдол бүхий 16 ордын талаар их яригдсан. Гэхдээ зарим УИХ-ын гишүүн стратегийн ач холбогдолтой ордыг хэд хэд хуваагаад ач холбогдолгүй орд болгочихсон байна гэх асуудлыг хөндөж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Стратегийн бүтээгдэхүүн гэж байдаг болохоос орд гэж сонсоогүй юм байна. Одоогоор 16-17 орд байгаа гэх мэдээлэл бий. Нөгөө талдаа улсын төсвөөр хайгуул хийсэн ордыг буцааж авч байна гэж ойлгосон. Зүй нь бол хайгуулыг зөвхөн төсвийн хөрөнгөөр хийх шаардлага байхгүй. Хувийн сектороор хийлгэх л хэрэгтэй. Аль, алиар нь хийлгээд л явах ёстой. Харин нөөц нь батлагдаж, тодорхой болсон тохиолдолд төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх бодлогоо зөв болгох шаардлагатай. Эдийн засгаа тэлж, олсон орлогоо Монгол хүнийг хөгжүүлэх чиглэлд зарцуулна гэвэл уул уурхайн салбарыг хөгжүүлэхээс өөр замгүй. Тиймээс стратегийн орд нь, бусад орд нь байгаа эсэхээс үл хамаарч нээлттэйгээр бизнес хийх боломжоор хангаж, бизнесүүдийг дэмжсэн бодлого л байх хэрэгтэй.

-Тэр 16 ордыг төр буцааж авах асуудал хөндөгдөж байгаа биз дээ?

-Яах вэ, Баялгийн сангийн тухай хуульд стратегийн орд байх аваас 34 хувийг нь төр хөрөнгө оруулж, эзэмшинэ гэж заасан. Би өмнө нь хэлж байсан. Төр өөрийнхөө түвшинд санхүүжилтээ гаргасан тохиолдолд гаднын хөрөнгө оруулалт орж ирнэ. Гэхдээ төр 34 хувиас дээш эзэмшиж болохгүй. Яваандаа энэ тоогоо буулгаж, зохистой хэмжээнд нь аваачих л хэрэгтэй. Олон улсад бол 10-15 хувь л гэдэг юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний төрийн оролцоо байх ёстой. Тэр нь баталгаа болж өгдөг. Урт хугацаанд Засгийн газар оруулсан хөрөнгө оруулалтаараа баталгаа гаргаж байгаа хэлбэр. Ямар ч Засгийн газар  өөрчлөгдлөө гэсэн энэ улсын эрх ашиг нь энэ төсөл дээр явж байгаа юм байна гэдэг нь тодорхой болно. Тэгэхээр гаднын, дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Эдийн засаг тэлснээр иргэдийн цалин, тэтгэвэр нэмэгдэх боломж бүрдэнэ.

-Ингэхэд танаас тэс хөндлөн асуулт асууж болно биз дээ. УИХ-ын ээлжит сонгууль болохоор л төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг сөхөгддөг. Түүний үхлээр улс төр хийдэг нь нууц биш, бараг хэвшил болчихож. Гэхдээ энэ удаагийнх арай өөр байх шиг ээ. Та Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлэг, С.Зориг агсны гэргий Б.Булганы ярилцлагыг үзсэн байх. Ямар дүгнэлт хийв дээ?

-С.Зоригийн хэргийг эцэслээд хаагаасай гэж хүсэж байна. Шийддэггүй, тэгсэн атлаа сонгууль болгоноор сэдэв болоод гарч ирж байгаа нь нийгмийг бухимдуулж байна. Ядарсан нийгэм дээр нэмээд стресс өгөх нь буруу. Мэдээллүүдээ ядаж УИХ-ын түвшинд ярилцах хэрэгтэй. Би хувьдаа тэр хэрэгтэй танилцаж үзээгүй, хэргийн талаар мэдээлэлгүй байна. Одоо нэгэнт л ярьж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард нь гарах л хэрэгтэй. Цэг тавих хэрэгтэй. Хариуцлагаа тооцоод явах нь зүйтэй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.138.250) 2024 оны 05 сарын 01

За чи л биш бол бусад нь яахав! ХҮН намын суудал мөрөөдсөн хэдэн донгио юмнууд байдгиййм.

0  |  0
ss(202.9.40.1) 2024 оны 05 сарын 01

Хүрэлбаатарын хүн, ярьж хэлж байгаа нь их худлаа

0  |  0
zochin(59.153.114.21) 2024 оны 05 сарын 01

law3 l chi bish shuu

0  |  0
Top